Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Болортуяа өчигдөр/2019.09.18/ “Нур-Султан-2019” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 55 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглосон тэрээр Туркийн бөх Бедиха Гун-тай хүрэл медалийн төлөө барилдаж, 12:9-ийн харьцаатайгаар ялснаар Монгол улсын 33 дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна.
Түүнийг хүрэл медаль хүртэх үед дасгалжуулагч Т.Сүхбаатар шавь нь дэлхийн дэвжээнээс медаль хүртэхэд баярласан сэтгэлээ илэрхийлж өөрийнхөө “брэнд” бүжгээ бүжиглэж, үзэгч олныг хөгжөөжээ.
Өнөөдөр Хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Э.Гантуяа нар барилдана. Тэмцээний 57 кг-д барилдах Э.Бэхбаяр Тажикстаны М.Икромовтой, 65 кг-д Т.Тулга Беларусийн Ниургун Скрриабинтай, эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдөх Э.Гантуяа ОХУ-ын бөх Мариа Кузнецоватай, 68 кг-д хүч сорих Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Беларусийн М.Мамашуктай эхний тойрогтоо таарсан байна.
Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Батзориг нарын удирдлагад 20 бөх зодоглож байгаа юм.