Казакстан улсад зохион байгуулагдаж буй “Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд барилдаж буй ОУХМ Б.Шоовдор хүрэл медаль хүртлээ.
Ингэснээр Б.Шоовдор нь сүүлийн гурван ДАШТ-ийг дараалан хүрэл медалийн төлөө барилдаж байгаа юм. Тэрбээр 2017 онд Парист V байр эзэлж, өнгөрсөн жил Будапешт хотноо хүрэл медаль хүртэж байсан билээ.
Энэ удаад хүрэл медалийн төлөө Украины тамирчин Ангелина Лысактай барилдсан бөгөөд барилдааны эхний үеийг 6:0-ээр дуусгасан юм. Харин хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад цэвэр дарж, дэлхийн аваргын тэмцээнээс хоёр дахь хүрэл медалиа зүүх эрхийг авлаа.
Ийнхүү Монголын шигшээ баг “Нур-Султан 2019” ДАШТ-ээс одоогийн байдлаар хоёр хүрэл медаль хүртээд байна.