ОХУ-ын Екатеринбург хотноо зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах хорь дахь удаагийн тэмцээнд Монгол улсын шигшээ баг оролцож байгаа билээ. Манай боксчдоос медалийн болзол хангаад байсан ганц тамирчин болох Э.Цэндбаатар өчигдөр /2019.09.20/ 57 кг-ын жингийн мөнгөн медалийн төлөө тоглолоо. Түүний өрсөлдөгчөөр Азийн наадмын аварга Миразизбек Мирзахалилов гэх Узбекистаны боксчин байсан бөгөөд эн тэнцүү өрсөлдсөн тоглолтод шүүгчид 0:5 (28:29, 28:29, 28:29, 28:29, 27:30) оноогоор Узбекистаны боксчинд ялалтыг өгсөн юм.
Шүүгчдийн энэхүү шүүлттэй санал нийлэхгүй байгаатай холбогдуулан Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан Олон улсын боксын холбоонд хандсан байна.
Тэрбээр “Боксын дэлхийн аварга дээр ажиллаж байгаа Монголын багийн зүгээс Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шийдвэрийг эсэргүүцэж, Олон улсын боксын холбоонд (AIBA) дүрмийн дагуу эсэргүүцлийн протест бичиж өглөө” гэсэн мэдээлэлийг өгсөн юм.
Азийн наадмын болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар нь боксын ДАШТ-ээс медаль хүртэж буй Монголын 9 дэх боксчин бөгөөд 11 дэх медалийн эзэн болоод байгаа юм.