Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам үргэлжилж байна. Наадмын эхний өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Галбадрахын Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн юм.
Казахстан улс олимпийн аварга болсон тамирчинд 250 мянган ам.доллар болон гурван өрөө байр амалсан бол мөнгөн медальд 150 мянган ам.доллар, хоёр өрөө байр, хүрэлд 75 мянган ам.доллар, нэг өрөө байрыг өгөх болсноо зарласан. Харин иргэншлээ сольж, Казахстаны нэр дээр барилдах болсон Г.Отгонцэцэг хүрэл медалийн шагналыг авах юм. Мөн энэхүү мөнгөн шагнал дасгалжуулагчид ч очино.
Г.Отгонцэцэг жилийн хугацаанд өндөр амжилтыг үзүүлж, дэлхийн чансаагаа дөрөвт хүргэсэн билээ. Тэрбээр Риог зорих хүртлээ оролцсон тэмцээн бүрээсээ медаль дээр бууж байлаа. Хамгийн сүүлд өнгөрөгч долдугаар сард Улаанбаатарт болсон \”Чингис хаан” Гран прид М.Уранцэцэгт ялагдан мөнгөн медаль дээр буусан юм.
Шилдгийн шилдгүүд очсон \”Рио 2016” олимпийн наадамд Г.Отгонцэцэг гайхалтай амжилтыг үзүүлж, олимпийн хүрэл медальтан болсон. Түүнтэй фэйсбүүкээр холбогдоход \”Олимпийн медальтан болсонд баяртай байна. Медалийн өнгөө хувиргах боломж байсан ч энэ удаа болсонгүй. Би сонголтоо хийж, Казахстанд очсон. Өөрийн найз М.Уранцэцэг бол шилдэг тамирчин. Бид хамт медалийн тавцанд гарсан бол сайхан байлаа. Казахстан улстай тодорхой хэмжээний гэрээ хийсэн. Өөрийн хэмжээнд амжилт гаргаж чадлаа. Барилдаан бүр л хүнд болсон. Ялангуяа эхний надад эхний тойргийн барилдаан амар байгаагүй. Гэхдээ боломжийг алдсангүй. Сайхан байна” гэсэн юм.
Г.Отгонцэцэгийн хувьд 48 кг-д хүчтэй өрсөлдөгчийн нэг. Энэ жинд манай тамирчид өндөр амжилтыг гаргадаг болохоор түүний хувьд Казахстан улсын нэрийн өмнөөс оролцох болсон. Бүтэн жилийн хугацаанд оролцсон тэмцээн бүрдээ амжилттай оролцож байсан тэрээр Риод өөрийгөө харуулж чадлаа.