Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 0336 дугаар цэргийн ангид алба хааж байсан 19 настай байлдагч А цаг бусаар нас барсан хэрэг энэ оны нэгдүгээр сарын 22-нд гарсан билээ. Тэгвэл энэхүү хэргийн шүүх хурал өчигдөр /2019.10.01/ 12.00 цагт Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд боллоо. Тус шүүх хуралд хохирогчоор талийгаачийн ах Б.Эрдэнэбат, холбогдогчоор А.Энхбаяр, Р.Вандлхангаа, П.Бадамсамбуу нар оролцжээ.
Анхан шатны шүүхээс холбогдогчоор оролцсон А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, Р.Вандлхангаад эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын ял оноох шийдвэрийг гаргасан байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, байлдагч А нь өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унахад нь бусад нь түшиж цэргийн байранд оруулан, ус уулгасан хэдий ч хэсэг хугацааны дараа бөөлжиж, улмаар нас барсан юм.