Монгол Улс дунд болон урт хугацаандаа БНХАУ-д нийлүүлж байгаа коксжих нүүрсний хэмжээгээрээ Австралийг ардаа орхино гэж “Fenwei Energy”-ийн шинжээч таамаглалаа.
Үүнд, нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх гэсэн Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтаас гадна БНХАУ-ын эрэлт тогтвортой байгаа, мөн шинээр ашиглалтад орсон Хаожи төмөр замын шугамын үйл ажиллагаа нөлөөлнө гэж үзсэн юм. Одоогоор БНХАУ-д нийлүүлж байгаа коксжих нүүрсний хэмжээгээр Австрали тэргүүлж байна. Зөвхөн наймдугаар сарын дүнг харахад БНХАУ-ын импортолсон коксжих нүүрсний 49.5 хувийг Австрали, 41.2 хувийг Монгол, 5.3 хувийг ОХУ нийлүүлсэн байна.
Есдүгээр сарын 28-нд ашиглалтад орсон, 1837 км урттай Хаожи төмөр замын шугам нь ӨМӨЗО, Шанси, Гансу, Ниншиа мужаас БНХАУ-ын төв хэсгийн Хунан, Хэбэй, Жянси муж руу тээвэр хийж байгаа юм. Жилдээ 200 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай энэхүү төмөр замын шугам нь Монголын нүүрсийг БНХАУ-ын төв хэсгийн хэрэглэгчдэд дөт хүргэх боломж гэж “Fenwei Energy”-ийн шинжээч үзлээ.
Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах бодлоготой холбоотойгоор Хэбэй, Шандон мужууд коксжих нүүрсний хүчин чадлаа бууруулж байна. ӨМӨЗО тэргүүтэй бусад муж нь дотоодын хэрэглээгээ бүрэн хангахуйц коксжих нүүрс олборлож чадахгүй байгаа гэж “Fenwei Energy” үзлээ. БНХАУ-ын коксжих нүүрсний хэрэглээ 2019 оны эцэс гэхэд 3.5 хувиар өсөж, 544 сая тонн болох төлөвтэй байгаа аж.
Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж байгаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын төслүүд нь нүүрсний нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн өөдрөг хүлээлтийг бий болгож байна.
Т.Элиса