Сүүлийн үед ОХУ-д гарсан ойн түймрээс дүрвэсэн хар баавгайнууд Монголд орж ирэн, Монголчуудыг алж талаад байна гэх аястай мэдээлэл хөврөх болсон. Яг үнэндээ тэр түймэр нь Улаан-Үдээс цааш 300км-т гарсныг, түүнээс нааш бараг 1000 км газарт баавгай байтугай морьтой хүн ч зүдэрч ирэхийг мэдээлсэнгүй. Тэгээд ч хар баавгай Монголд биш хойд Америкт нутагшдаг. Сибирь болон Монголд хүрэн баавгай амьдардаг гэдгийг мэдээлсэнгүй. Бараг мэддэггүй ч бололтой. Мэддэггүй байлаа гэхэд ядаж дунд сургуульд заалгасан баймаар.
Баавгай яагаад ойгоос хэдэн арваараа гарч ирэв, яагаад хүн мал руу ноцож барьж идээд байна гэдгийн учир шалтгааныг олох хэрэгтэй юм. Үүнд уул уурхай болон малчид ямар ч хамаагүй. Баавгай намар мах идэхээ болиод самар жимс идэж тарга тэвээрэг авч ичээлэхэд бэлддэг. Гэтэл самрын ургац сүүлийн гурван жилд маш ихээр багассан. Мөн жимс ч ховордсон. Тэгээд өлсгөлөн, туранхай баавгайнууд аргагүйн эрхэнд уулнаас бууж хүний амьдрах орчин руу дайрч байгаа юм.
Самар ургахаа больсон шалтгаан нь Монголчууд Хятад руу 18 жилийн туршид хушин ойгоо хайр найргүй сүйтгэж вагон вагоноор нь овойж оцойтол нь зөөснөөс болсон. Сэглүүлж зэрэмдэглүүлсэн учраас хушин ой үхжиж самар ургахгүй болж байгаа юм. Самар ургахаа больсон учраас самраар хооллодог бүх амьтад тураалдаа орж үхэцгээж байна. Баавгай модноос олноороо гарч ирсэн нь байгаль сүйрснийг мэдээлсэн шүглийн дуу юм. Хүн барьж идээд байгаа учраас хуулиа зөрчиж баавгай устгахыг зөвшөөрлөө. Баавгайг олноор нь алаад эхэлбэл Хятад ченжүүд маш их баярлана. Тэд үүнийг л хүлээж байгаа. Монголын байгаль орчин, эко системийг устгах Хятад улсын бодлого энэ.
Манай Байгаль орчны яам хушин ойгоо яаж сэргээх вэ гэдэгт огт санаа зовсонгүй, тэр ч байтугай яаманд баавгай самраар хооллодог болохыг мэддэг нэг ч хүн байдаггүй бололтой.
Баттуул