“Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас амь насаа алдлаа, хүмүүс угаартлаа” гэдэг мэдээлэл ойрын өдрүүдийн гол сенсаац болж байна. Гэхдээ үүнд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс урьтаж, нөхцөл байдлыг сөргөөр мушгисан мэдээлэл түгээж байгаа нь харамсалтай. Учир нь зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал угаарын хий үүсдэг. Өнгөгүй, үнэргүй ч үхлийн аюултай. Харин хий ялгарах нөхцөл нь нүүрсийг шатаж эхлэх болон шатаж дуусахад мөн гал бөхөхөд их хэмжээгээр ялгардаг. Энэ үед нь яндангийн таталт сайн байх хэрэгтэй. Ингэж байж гадаах орчиндоо цацагдаад сарнидаг. Эсрэгээрээ яндангийн таталт муу байх юм бол зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдэлийг бий болгодог.
Гэтэл иргэд үүнийг гүйцэд ухамсарлаагүйгээс зуухны хүхээгний хаалтыг дулаанаа удаан бариулах гэж байна гэсэн нэрээр багасгаж байгаа нь дээрх эрсдэлийг үүсгэж байна гэдгийг химийн мэргэжилтнүүд хэлээд байгаа. Иргэд угаартсан асуудлыг шууд сайжруулсан түлшнээс болсон гэх нь өрөөсгөл. Гэсэн ч хүмүүсийн амь нас, эрүүл мэнд яригдаж байгаа учраас “Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлшний цэгүүдээс түүврийн байдлаар 17 төрлийн шинжилгээг авсан байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудлын мөрөөр Нийслэлийн онцгой комисс хуралдан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч сайжруулсан түлшийг яаралтай шинжлүүлэн, түргэн тусламж, цагдаа, мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэгдсэн. Үнэхээр сайжруулсан түлш иргэд угаартсан хэргийн шалтгаан нөхцөл болсон уу гэдгийг тогтоохын тулд тухайн иргэдийн хэрэглэж байсан түлшнээс дээж авч, мэргэжлийн байгууллагуудаар шалгуулахад хүхэр, дэгдэмхий байдал, илчлэг зэрэг нь одоо мөрдөж байгаа стандарт үзүүлэлтийн шаардлагыг бүрэн хангасан гэсэн хариу гарчээ. Бас нэг анхаарал хандуулах шаардлагатай зүйл нь яг нэг хашаанд байгаа, ижил түлш хэрэглэсэн хоёр өрхийн нэг нь угаарын хийд хордсон. Уг айл унтахаасаа өмнө хүхээгээ хаасан байсан нь нэгийг хэлж байна.
Тиймээс, иргэд галлагааны горим дээрээ алдаа гаргахгүй байх нь чухал гэдгийг сануулж байна. Үнэхээр хэрэглээний горимыг зөв баримтлахгүй бол шахмал түлш битгий хэл, нүүрс дизелийн түлш, бензин, байгалийн хий тэр байтугай аргалаас ч хүн угаартах боломжтой. Мөн айлууд яндан зуухаа сайн хөөлж, гэрийн дулаалгаа гүйцэд хийх хэрэгтэй. Ингэснээр утаа бууруулах төлөвлөгөөгөөр нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийг илч дулаанаар хангаж, утаа бага ялгаруулах шахмал түлшний ид шидийг бид хүртэх боломжтой юм.