Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2018 онд 6.3 хувь байсан бол энэ онд 5.8 хувь, 2020 онд 5.7 хувь, 2021 онд 5.6 хувь болж саарах төлөвтэй байгаа нь уг бүс нутгийн ихэнх орнуудад экспорт болон аж үйлдвэрийн салбарын идэвхжил саарч байгаатай холбон тайлбарлахаар байна.
Энэ нь Хятад улсын эрэлт саарч байгаа, АНУ-Хятадын хоорондын худалдааны сөргөлдөөнөөс шалтгаалсан тодорхой бус байдал нэмэгдсэн зэрэг нь экспорт, хөрөнгө оруулалтын идэвхжил саарахад нөлөөлж улмаар тус бүс нутгийн эдийн засгийн дархлааг шалгасан үйл явдал болж байгаа юм.
Монгол улсын хувьд эдийн засгийн өсөлт 2018 онд 6.8 хувь (эрэлт талаас тооцсон ДНБ) өссөн бол 2019 оны эхний хагаст 7.3 хувьд хүрч, эдийн засгийн өсөлт хадгалагдлаа. Ийнхүү өсөлт тогтвортой байхад нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэг нь голлон нөлөөллөө. Мөн түүнчлэн хөгжлийн түнш байгууллагуудын 5.5 тэмбум ам.долларын санхүүгийн дэмжлэгийн хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн дэмжлэг үргэлжилсэн нь хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлд эергээр нөлөөлөв. Үүний зэрэгцээ макро эдийн засаг, тэр дундаа төсвийн менежмент оновчтой байсан, бүтцийн шинжтэй бодлогууд үргэлжлэн хэрэгжиж байгаа нь багагүй хувь нэмэр оруулсан. Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна. Гэсэн хэдий ч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэх, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй эрсдэлүүд, мөн мега төслүүдийн хэрэгжилт болон банкны салбарын шинэчлэлүүд удаашрах зэрэг эрсдэлүүд байгааг тайланд анхааруулжээ.
Хэрэв Хятад улсыг хасч тооцвол тус бүс нутгийн орнуудын хэрэглээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан ч харьцангуй тогтвортой байгаа нь уг орнуудын мөнгөний болон төсвийн бодлоготой холбон тайлбарлахаар байна. Бүс нутгийн жижиг орнуудын эдийн засгийн өсөлт тогтвортой байсан нь уг орнуудын өөрсдийн онцлог салбарууд буюу аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, олборлох салбарын идэвхжлээс голлон шалтгаалжээ.
Зүүн Ази, Номхон Далайн орнуудыг хариуцсан Дэлхийн Банкны дэд ерөнхийлөгч Виктория Кваква “Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр ядуурал буурах хурдац саардаг. Бидний тооцоолсноор Зүүн Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын хүн амын бараг дөрөвний нэг нь өндөр болон дундаж орлоготой орнуудын ядуурлын шугам болох нэг өдрийн 5.5 ам.доллараас бага орлогоор амьдарч байна. Энэ нь өмнө 4-р сард бидний тооцож байснаас бараг 7 сая хүнээр өндөр байгаа юм” гэдгийг онцлов.
Худалдааны сөргөлдөөн нэмэгдэж байгаа нь бүс нутгийн өсөлтөд урт хугацаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг тайланд мөн дурьджээ. Зарим улс орнууд дэлхийн худалдааны одоогийн нөхцөл байдал өөрчлөгдөх явцад илүү ашиг хүртэнэ гэж найдаж байсан ч дэлхийн улс орнуудын худалдааны уян хатан байдал нь тийм ч сайн биш байгаа нь нь бүс нутгийн орнууд ойрын хугацаанд өндөр үр өгөөж хүртэх боломжийг хязгаарлаж байна.
Зарим улс орнууд өр ихтэй, цаашид мөн өрийн хэмжээ нэмэгдэхээр байгаа нь эдийн засгийн удаашралын эсрэг төсөв, мөнгөний бодлогын орон зайг хязгаарлаж байна. Түүнчлэн дэлхийн санхүүгийн зах зээл дээрх нөхцөл байдал огцом өөрчлөгдвөл тус бүс нутгийн орнуудын санхүүгийн өртгийг нэмэгдүүлж, улмаар бүсийн эдийн засгийн өсөлт, хувийн хөрөнгө оруулалтад цаашид ихээхэн ачаа дарамт болох боломжтой юм.