Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд нэг моментоор үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг анх удаа хийлээ.
Тус тасгийн хамт 2020 оноос үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд өдгөө эмчилгээний аргыг улам боловсронгуй болгон цогц байдлаар хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлж байна.
Энэхүү шинээр нэвтрүүлсэн мэс засал эмчилгээ нь үений мөгөөрсний элэгдэл /ОА II-IV зэрэгтэй/ болон үхжилт үүссэн хэсгийг авч, шилжүүлэн суулгах буюу тромбинатор /үений гадаргуу мөгөөрсийг хусаж аван үүдэл эстэй хольж, үений гадаргууг нөхөх/-ийг ашиглан сэргээснээрээ хиймэл үе суулгах мэс заслыг 5-10 жилээр хойшлуулах чухал ач холбогдолтой юм.
Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн мэргэжилтэн, Төрийн соёрхолт эмч С.Сүхбат, Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Б.Оргил болон Мэдээгүйжүүлгийн эмч, Төрийн соёрхолт эмч Ж.Түмэн-Өлзий, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Хулан, мэс заслын сувилагч Ө.Оюунчимэг, Г.Баасанжаргал нар багтсан байна.