Канад Улсад пара гүйлтийн цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж буй.
Уг тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлага дор оролцож буй Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртлээ. Түүний уралдсан пара гүйлтийн цанын 5 км-ын сонгомол буюу lw2-9 ангилалд гурван орны долоон тамирчин өрсөлдөхөд Б.Ганболд 17:57.7 минутын хугацаанд замаа дуусгаж медалийн тавцанд гарчээ. Тэрээр маргааш тус тэмцээний 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Мөн Финланд Улсад ирэх сарын 17-23-нд болох дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ. Түүнчлэн Б.Ганболд нь “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын оролцогч бөгөөд Азийн цомын хүрэл медальтай тамирчин билээ.