УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ хуралдаан эхлэх үетэй зэрэгцэн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланы зүгээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт хандан Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-н нэрийг барьж, иргэдэд худал мэдээлэл тараахгүй байхыг санууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг байцаах явцдаа эрүүдэн шүүсэн гэх асуудалтай холбогдуулан ОУПХ-ноос сар гаруйн өмнө манайд дүгнэлт ирүүлсэн боловч ГХЯ-ны зүгээс дарж байсан байна. Ингээд тус хэлтсийн дарга ажлаасаа чөлөөлөгдсөний дараа энэхүү бичиг Түр хороонд ирж ил болж байна” хэмээн мэдэгдсэн билээ.
Тэдний энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүдийн өчигдөр хийсэн хэвлэлийн бага хуралд зориулж үнэн зөв мэдээлэл өгье. Зүгээр ажлаа хийцгээ, улстөржихөө боль, попрохоо боль. Монгол Улсын их хурлаас түр хороог байгуулсан. Түр хороо ажлаа хийх ёстой. ОУПХ-ноос 12 хүнд 2019 оны есдүгээр сарын 6-нд мэйл хаягаар нь бичиг ирүүлсэн. Ж.Батзандангийн мэйл хаягаар мөн ирүүлсэн байгаа. Мэйл хаягаа шалгаж бай, Ж.Батзандан. Орчуулгын ажил есдүгээр сарын 7-ноос эхлэн хийгдсэн байна, би өчигдөр асуулаа.
Л.Болд гишүүн ээ, та УИХ-д зургаан удаа сонгогдсон. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд хийж байсан хүн. Иймэрхүү байдлаар асуудалд хандаж болохгүй, 2012 оноос хойш ОУПХ-ны хуралд та бид хоёр таван удаа явсан. ОУПХ-ны Хүний эрхийн шинжээчийг хэн урьж авчирсан юм. Та тавьтиртай бай. Сүүлдээ та нарын яриагаар бол Гадаад харилцааны яамны хэлтсийн даргыг халснаар дарагдаж байсан энэ бичиг ил боллоо гэх. Худлаа ярихаа боль. Сүүлдээ бүр ОУПХ-ны нэрийг барьж, есдүгээр зүйл гэдэг дээр 2019 оны есдүгээр сарын 4-ний дотор хариу өгөхгүй бол холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэсэн заалт байна гэж. Одоо надад ОУПХ-ны 71 заалттай зөвлөмж байна. Эндээс та нарын хэлсэн шиг үг нэгийг ч олж харсангүй.
ОУПХ 71 дэх дүгнэлтэндээ С.Зоригийн хэргийг улс төрийн хөтөлбөртөө ахиц гаргах зорилгоор ашиглахгүй байхыг хүсье гэжээ. Энэ бол уг хэргийг улс төрийн зорилгоор битгий ашиглаач ээ гэсэн үг.
Монгол Улсын Их хурал түр хороо байгуулсан, та нар ажлаа хий. ОУПХ-ны нэр барьж битгий худлаа ярь. Монгол Улс саарал жагсаалтад орох бодитой эрсдэл үүссэн үед ОУПХ-ны дүгнэлт барьж, огт бичээгүй зүйлээр хурал хийж худал мэдээлэл өгч болохгүй. Л.Болд гишүүн таныг худал ярьсанд харамсаж байна” гэж мэдэгдлээ.