Австралийн Нийслэлийн бүс нутгийн Засгийн газар Канберра дахь диппомат корпустай хамтран “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнгөрөгч амралтын өдөр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам оролцож өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчилсан байна.
ЭСЯ-нд зохион байгуулсан уг арга хэмжээнд 600 гаруй хүн хүрэлцэн ирж, монгол гэр, Монголын тухай богино хэмжээний баримтат кино, фото болон уран зургийн бэсрэг үзэсгэлэн, шагайн харваа, морин хуур, хөөмийн тоглолт сонирхов. Мөн ирсэн зочдод үндэсний хувцас, хоол, идээ ундааг сурталчлан танилцуулсан нь олны талархлыг хүлээжээ.