НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан билээ. Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн нийт хүн амд гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог юм. Тогтмол гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад энэхүү өдрийн зорилго чиглэдэг.
Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ хамгаалахад оруулж буй том хувь нэмэр болох юм.
Гараа савандаж угаах энгийн аргыг хэвшүүлснээр суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй уушгины хатгалга, бусад халдваруудаас сэргийлэх боломжтой нь тогтоогджээ.