ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эдгээр өдрүүдэд Саудын Араб улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Түүний энэхүү айлчлал нь 2007 оноос хойш тус улсад хийж буй анхны айлчлал болж байгаагаараа онцлог болж байгаа юм. Дэлхийн улс төр судлаачид энэхүү айлчлалыг Москвагийн зүгээс Ойрх Дорнод дахь улс төр болон эрчим хүчний нөлөөллөө бататгах зорилгоор хийж байна хэмээн тайлбарлалаа.
Айлчлалын хүрээнд В.Путин өчигдөр Саудын Арабын Эзэн хаан болон угсаа залгамжлах хунтайжтай уулзжээ. Энэхүү дугуй ширээний уулзалтаар хоёр талын төлөөлөгчид эрчим хүчний салбарын гэрээ хэлэлцээрийг түлхүү хөндөн ярилцсан байна.
Мөн ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак даваа гарагт болсон Хөрөнгө оруулалтын форумын үеэр “Saudi Aramco” компанийн зүгээс ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн “lNG” төсөлд хөрөнгө оруулалт хийж магадгүй бөгөөд одоогоор гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгааг дурджээ.
ОХУ-ын Ерөнхийөгч Владимир Путины Саудын Араб улсад хийж буй энэхүү айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааны 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.