Кени улсын парламент Мягмар гарагт хэд хэдэн татварын хэмжээг өсгөх шинэ хуулийн төслийг хэлэлцэж, баталсан нь олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн гарахад хүргэсэн юм.
Нийслэл Найроби хотод тэмцэгчид цагдаагийн хүчтэй мөргөлдөж, парламентын ордон дотор гал тавьж байв. Тэмцэл нийслэл хотоос гадна бусад хотуудад ч бас халдварлажээ.
Энэхүү мөргөлдөөний үеэр нийтдээ 23 хүн цагдаа нарын гарт алагдаж, 200 гаруй хүн шархадсан тухай эх сурвалжууд өчигдөр мэдээлсэн байна.
Гэтэл тэмцэгчдийг буруутгаж, хуулийн төслөө хамгаалж байсан Кенийн ерөнхийлөгч Уилльям Руто өчигдөр гэнэтийн шийдвэр гаргажээ.
Тэрбээр хуулийн төслөө буцаахаар болсныг зарласан байна.
“2024 оны санхүүгийн хуулийн төслийг эсэргүүцсэн Кенийн ард иргэдийн чанга дуу хоолойг би сонсож, хүлээж авлаа. Тиймээс би уг хуулийн төсөлд гарын үсэг зурахгүй, буцаан татах болно” гэж тэр Найроби хотод болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Энэ шийдвэр нь хоёр жилийн өмнө Кенийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх амлалттай сонгогдсон Рутогийн хувьд томоохон ухралт болж байна.
Тэрбээр улс орон даяар үргэлжилж буй тэмцлийг намжаах зорилгоор иргэдийн төлөөлөл, шашны болон мэргэжлийн байгууллагуудыг хэлэлцээний ширээний ард суухыг урьжээ.
Руто бас өөрийн ажлын алба болон парламент, гүйцэтгэх засаглалын байгууллагуудын зардлыг бууруулах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна.
Шинэ хуулийн төслийг Кенийн олон нийт долоо хоног орчмын өмнөөс онлайн орчинд голдуу эсэргүүцэж байсан бөгөөд Мягмар гарагт парламент төслийг баталсны дараа гудамжинд гарсан юм.
Кени бол дорнод Африкийн хамгийн том эдийн засагтай улс бөгөөд бүс нутгийнхаа тогтвортой байдлын гол багана болдог.
Эх сурвалж: Reuters