Европын Холбоо болон Их Британийн төлөөлөгчид “Brexit”-ийн гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон болохоо мэдэгдлээ.
Одоо энэхүү гэрээний төслийг Брюссельд чуулах Европын Холбооны дээд хэмжээний чуулганы үеэр хэлэлцэж батлахаар болж байгаа юм.
Харин эсрэг талаас гэрээнд гарын үсэг зурах эрхийг Британийн парламент Ерөнхий сайд Борис Жонсонд олгох эсэхийг маргаашийн хуралдаанаар шийдвэрлэх аж.
Гэхдээ Умард Ирландын улс төрийн хүчин DUP (Democratic Unionist Party) намаас Ерөнхий сайд Б.Жонсоны төлөвлөгөөг дэмжих боломжгүйгээ мэдэгдсэн бөгөөд тэдний хувьд парламентын 650 суудлын 10-ыг нь л эзэлдэг. Тооны хувьд бага хэдий ч парламентын доод танхимаас дэмжлэг авахад ихээхэн нөлөөтэй байдаг учир заавал тохиролцооны ширээнд суух ёстой болж байгаа юм.
Үүнээс гадна хоёр тал тохиролцож чадсантай холбогдуулан Европын Комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер холбооны гишүүн 27 орны удирдагчдад хандаж, “Brexit” гэрээний шинэ нөхцлийг дэмжихийг уриалсан байна. Тэрээр ““Энэ бол Европын Холбоо, Их Британийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалсан шударга гэрээ. Мөн ямар нэг шийдэлд хүрэх бидний хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл” хэмээн өөрийн твиттер хуудсандаа бичжээ.
Харин Ерөнхий сайд Б.Жонсон Европын Холбоотой гэрээ байгуулж чадсан эсэхээс үл хамаарч аравдугаар сардаа багтаан тус блокоос гарна гэдгээ мөн амлаад байсан бөгөөд “Бид эрх мэдлээ буцааж авах шинэ сайн гэрээтэй боллоо. Одоо парламент Бямба гарагт Brexit-ийг гүйцээх ёстой” гэж твиттертээ бичсэн байна.