Монголын Үндэсний Их баярын наадмыг зохион байгуулах хорооны хурлаар өнгөрөгч Улсын наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илэрсэн бөхчүүдийн цолыг хурааж, давааг хүчингүй болгох асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хурлаар Э.Оюунболд аваргын ес, Д.Цэрэнтогтох начны тав давж чимэг нэмсэн давааг хүчингүй болгож, тэдний барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг гаргасан байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ “Дөрвөн бөхөд цол чимгийг нь нөхөж олгоно. Үндэсний баяр наадмын хорооны энэ шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Саналаа Ерөнхийлөгчид өргөн барьж Ерөнхийлөгч шийдвэрийг гаргана” хэмээн мэдэгдлээ.
Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг хүлээн авч баталсан шийдвэр гаргавал Улсын аварга Н.Батсуурьт Даян аварга, Д.Анарт Улсын заан, Б.Цэрэнсодномд Улсын харцага, Н.Мустафад Улсын начин цолыг нөхөн олгож, Улсын арслан Б.Содномдоржид чимэг нэмэх юм.