“Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс өнөөдөр /2019.11.07/ “Эх орон дуудаж байна” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах хүсэлтийг гаргасан билээ. Тэдний зүгээс УИХ-ыг тарах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахгүй байхыг шаардаж байгаа бөгөөд энэхүү жагсаалаа орон нутгуудад ч зохион байгуулна хэмээн мэдэгдсэн.
Гэвч өнөөдөр ЗГХЭГ-аас төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулна хэмээн мэдэгдсэнтэй холбогдуулан тус жагсаалыг маргааш өдрийн 11.00-18.00 цагт хийх эрхийг олгож, энэ тухайгаа НЗДТГ-аас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд албан бичгээр хүргүүлжээ.
Гэвч энэхүү мэдэгдлийг хүлээн авсан жагсагчид одоо төв талбайн зүүн талд цугларч эхлээд байна. Монгол улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар харьяалах нутаг дэвсгэрийн ЗДТГ-т бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага тооцох талаар зохицуулсан байдаг юм.