Найр найрын дундаас хамгийн халуун дотно, сүр жавхлантай, чухал билэгдэлтэй бөгөөд насан туршид ганц удаа тэмдэглэдэг нь хурим юм. Хэдийгээр хоёр талын сүйт бүсгүй, хархүү хоёр ёс заншил дагадаггүй байсан ч, өөрийн болон хадмын талын эцэг эх, уригдах зочид, монгол уламжлалаа хүндэтгэн хуримыг жамынх нь дагуу ёслол төгөлдөр гүйцэтгэх нь зөв юм. Хуримын цайллага хэрхэн болсноор залуу хосын амьдралын цаашдын зам мөрийг тодорхойлдог монгол ёс заншил өнөөдөр ч хадгалагдсаар байгаа.
Бэр шинжих ёс ч мөн бий. Хүүгийн аав өөрийн бүлд тохирох, ухаалаг, үйлэнд уран, үгэнд цэцэн, унд устай, ажилч, амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцэхүйц бүсгүй хүнийг сонгож 6-8 сар орчим бэр болох хүнээ ажиглаж, зэрэгцээ нутаг нугын хүмүүс түүнд ямар байдлаар хандаж байгааг танддаг байна. Удам гарал, хүргэн бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, бие галбир, царай зүс, ажилч хичээнгүй байдал, ёс журам, эрдэм чадвар эзэмшсэн байдал, нас сүүдэр, жил зохицох эсэх зэрэг долоон шинжээр үздэг бөгөөд удам судар буюу өмнөх гурван үед нь хулгай хийх, худал хэлэх, ужиг өвчтэй эсэх, ааш авир муу эсэх зэрэг байдлыг шинждэг. Ялангуяа ужиг хууч өвчтэй бол гэрлүүлэхээс татгалздаг байсан бөгөөд энэ нь удамшил, хос хоёрын үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн ёсон байжээ. Мөн овог дотроо юм уу, эсвэл эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторхи төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний эмгэгтэй төрөхөөс сэргийлдэг байжээ.
Хурим найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг. Хурим болохоос нэг сарын өмнөөс эхлэн бэр болох бүсгүйг зохих дагалдах хүмүүсийн хамт ах, дүү, төрөл төрөгсдийнд нь айлчлуулж найр хийдэг бөгөөд тэр бүсгүйг зочлон дайлж бэлэг сэлт өгдөг. Энэ ёслолд бүсгүйн аав ээж, төрөл төрөгсөд ирж оролцох бөгөөд хүргэн талаас хүн ирэх ёсгүй.
Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ.
Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөн нийлүүлэх нь хоёр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийг нэгтгэх ёс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийн холбоо тогтоож буйг бэлгэддэг.
Энэ үед охиныг авч явах, дагаж үйлчлэх бэргэд хүргэний тал руу хөдлөх цаг болсныг сануулан шинэ гэрт тавих бэрийн инж бараа сэлтийг ачаалж, ачааны түрүүч хөдөлж эхэлнэ. Учир нь бэрийг шинэ гэрт очиход тэр гэрт зориулсан эд юмс байр байрандаа засагдсан байх ёстой. Бэрийн эцэг, эх охиноо мордуулахдаа инж болгож гэрийн зүүн талд тавих op, ор дэрний хэрэглэл, авдар дүүрэн эд бараа, сав суулга, эргэнэг, тогоо шанага тавихад зориулалттай эргүүлэг, ширдэг дэвсгэр зэргийг бэлтгэнэ. Үүнээс гадна охиндоо эмээл, хазаар, ташууртай морь, жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл, хувцас хунар, гоёл чимэглэлийн зүйл, бас хэдэн толгой мал өгнө.
Үүр цайх үед бэрийг төрхөмийнх нь гэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийн бүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явах дургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүр үзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс, үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэж ирдэг заншил түгээмэл юм.
Бэрийг анх гэрээсээ явах үед эцэг нь буян хишиг дуудан хурайлан үлдэх ба эх нь хадмынд нь хүргэн өгч гурав хонодог. Тэгэхдээ бэрийг аваачихаар сондгой тоотой хүмүүс очдог бол тэгш тоотой болон буцах учиртай. Хүргэний гэрт дөхөж очиход тэднийг тавагтай идээ барьсан морьтой хүн угтаж мэндлээд залуу гэр бүлд энх жаргалыг бэлгэдэн асаасан хоёр түүдэг галын хоорондуур гэрлэгсдийг гаргадаг нь тэд амьдралынхаа урт замд тохиолдож болох бүх бэрхшээлийг давлаа гэсэн утгатай.
Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй шинэ бэрийг дагуулан гэрт оруулж (тэднийг бэргэд гэж нэрлэдэг) үсийг нь хагалан самнаж, чимэг зүүлт, эхнэр хувцас зүүж өмсүүлэн дуусмагц хадам эх нь бэрд аягатай сүү өгч амсуулсны дараа гал, бурхан, хадам эцэг, эх, нохой, айргийн хөхүүрт мөргүүлэх ёслол үйлддэг ба тус бүрт нь мөргөх ёслолын үг хэлдэг байна.
Эдгээрээс нэн хүндэтгэлтэй нарийн дэгтэй нь галд мөргүүлэх ёслол юм. Энэ ёслол нь Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдийн нэг адил галыг эрт дээр үеэс хутагт ариун чанартай зүйл гэж хүндэтгэн түүнд гэрийн гал голомтын эзэн онгон сахиус оршдог гэж итгэн биширч тахиж ирсэнтэй холбоотой юм.
Хуримлах ёслолын бэрийн гэрт болох үдэх ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараах эргэлтийн найр тус бүрт нь ерөөл хэлдэг төдийгүй зарим үед бэр, хоёр хадмын тал тус бүрт хандан ерөөх явдал ч тохиолддог байна.
Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн, эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг заншилтай. Ингээд хадам эцэг нь баруун талд, хадам эх нь зүүн талд бэр урд талд буй байдлаар тулга тулдаг ёс дэлгэрсэн байна. Бэр мөргөх үед хэлдэг уран холбоо үг нь чухамдаа галын магтаал, тахилгын үгийн чанартай бөгөөд эртний хүмүүсийн галын шүтлэгтэй холбогдон үүсчээ.
Хуримлах ёслолын үед нөхөр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод өөрөө аягалж барина. Үүний дараа цалин цагаан мөнгөн бөгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зүүж өгнө. Эхний галыг нөхөр нь асаадаг нь \”эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бөхөөхгүй үүрд авч явна, бөгж солилцдог нь бид нэг хүн мэт гагнагдлаа\” гэсэн санааг илэрхийлж буй аж. Хуримын үед солилцох бөгж ихэвчлэн хаан бугуйвч, хатан сүйх хээтэй байдаг. Энэ нь шинэ хосыг урт удаан аз жаргалтай амьдрахын бэлгэдэл гагнагдсан хээнүүд юм. Дугуй дүрсийг монголчууд эр хүний бэлгэдэл болгож явдаг учраас хаан бугуйвч гэдэг. Хатан хүнийг дөрвөлжин буюу сүйхээр нэрийджээ. Монголчуудын хуримын бөгж нь аль ч зүгээс ирсэн аюулыг хамтдаа даван туулна гэсэн билэгдэлтэй байдаг. Гэр бүл болж буй хосуудын хамтын амьдрал сүү шиг ариун цагаан байх болтугай хэмээн сүүн ёслол хийдэг нь хуримын бас нэг чухал үйлдэл мөн.
Хуримын үед бэрийн цайг ирсэн зочид тусгайлан амсдаг нь учиртай. Айлын эзэгтэйн ааш араншинг нь цайтай нь зүйрлэн цийлгэнэсэн, улайсан цайтай гэх зэргээр шүүмжлэн хэлэлцдэг учраас сайхан цай чанаж сурах нь бэрийн эрдмийн анхны шалгуур болно.
Хуримын маргааш эхнэр эртлэн босч өрхөө татаж галаа асаан цайгаа чанаад толгойдоо хадмын талаас бэлгэнд өгсөн алчуурыг боож гараад эхлээд наран мандах зүгт дараа нь дөрвөн зүг, найман зовхис, тэнгэр хангайдаа өргөөд орно.
Үүний дараа бурхандаа өргөж, нөхөртөө аягална. Хуримласан өдрөөс эхлэн бэр нэг cap төрсөн эцгийн гэртээ очихгүй. Харин аав нь гурав хоногийн дараа охиноо эргэж хүргэнийдээ ирнэ. Чингэхдээ хуримын өдөр амласан инжээ авч ирдэг бөгөөд энэ нь ихэвчлэн мал байдаг. Харин сарын дараа охин аавын гэртээ очихдоо зочин байж, нөхрийн тал охины инжний хариуд бэлэг явуулдаг.
Найрын бүх үйл явцыг найрын дарга удирдан явуулж төгсгөх ёстой ба хэрэв найрлагчдаас найрын дэг ёсыг зөрчих, тухайлбал суугаа хөлөө болон суудлаа солих, найрын дундуур тамхи татах, зохисгүй элдэв үг хэлэх, ярих, үймээн шуугиан гаргахаяны хундаганаас татгалзах зэрэг үзэгдэлд найрын дарга тухайн хүнийг туушаан (хул) торгон шийтгэж, сургамжийн үг хэлдэг заншилтай байв.
Халх найр хуримд дуу дуулах ёс горим сөнд баримтлах уламжлалт дэг журамтай байлаа. Халхчуудын дунд найр наадмыг \”Түмэн эх\”-ээр ая барьж эхлэх ёс нэлээд нийтлэг дэлгэрчээ. Харин Боржигин халх бусад халхын хошуудаас \”Боржигин найр\”-ын дэг ёсоороо өвөрмөц алдартай байсан нь найрын эхлэх дуугаараа бас мэдэгдэж байна. Боржигин халхад найр, хурим \”Авралын дээд\”-ээр эхлэж байв. Ийнхүү халхчуудын найрын дэг горим, зан үйлд эхлэлийн дуу байдгийн адил найрын ид үеийн, найрын завсарлагын, найрын төгсгөлийн гэх мэт утга агуулгаар тогтоон дуулагдаж ирсэн дуутай байжээ.
Найрын эхлэл, ер нь найрт нэг дууг эхлэвэл заавал бүтэн дуулж төгсгөдөг ёстой ажээ. Эхлэл дуу гүйцсэний сүүлд найрын олонд дахин айраг барина. Үүний дараа 2-3 дуу дуулж, тэдгээр дуу бүрийн завсарт\” бага дугараа\” хэмээн айраг сөгнөнө. Бага дугараа ууж, дуулцгаасны дараа \”дагнаа\” гэж их хулаар (туушаан) айраг барьж, бүгд ууцгаасны эцэст найрын дарга нийтэд гадаалах зөвшөөрөл олгож буйг зарлана.
Гадаалж тамхи татаж, морь малаа хараад эргэж орохдоо найрлагчид дор бүрийн түрүүчийн суудалд суух ёстой. Тийнхүү суудлаа эзэлснийг найрын дарга хянан үзээд найр үргэлжлэх болсныг нийтэд анхааруулан дуучинд ая барих зөвшөөрөл өгнө. Дуучин ая барьсны хойно \”бага туушааны дугараа\” гэж хүн бүрт жижиг туушаанаар 3 удаа айраг барина.
Халхчуудын найр хуриманд ийнхүү айраг сөгнөж, дугараа барих ёсонд \”солбио дагнаа\” барих ёс байв. Солбио дагнаа гэдэг нь зүүн талынханд даргаас эхлэн, баруун талынханд сөнчөөс эхлэн хултай айраг барихыг хэлдэг ажээ. Солбио дагнаа барьсан хойно дахин гадаалцгаан амарч байгаад Найраа үргэлжлүүдэг. Энэ үеэс тусгайлан дугараа зарлахгүй, дуу хуурын завсар айраг барих боловч найрын дэг журам, ёс горим хэвээр үргэлжлэнэ.
Найр өндөрлөх цаг дөхөхөд гэрийн эзэн найрын даргад: За манай сөн чилж байгаа бололтой. Найраа өндөрлөе! Хэмээн хэлэхэд найрын дарга найрын төгсгөлд дуулдаг (\”Энх мэнд\”, \”Хантарган баахан хар\”, \”Хөхөө шувуу\”) уламжлалт дуугаар ая барьж, гэрийн эзэн ерөөлчөөр сөнгөө ерөөлгөөд дараа нь тухайн найр хийх болсон шалтгаант зүйлийг ерөөлгөх, мялаалгах заншилтай байжээ.
Найр үргэлжилсээр харуй бүрий болохын сацуу найр ахалж буй хүн найрыг өндөрлүүлнэ. Эхний өдрийн найрыг ийн эрт өндөрлүүлэх нь \”залуусыг эртхэн амраая, жинхэнэ эр эм бололцог\” гэсэн санааг агуулдаг байна.
Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж, тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг нь их төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүй бэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байх бөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгоно. Үүнийг магнай морь гэж нэрлэдгээс үзвэл сүй бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй ажээ. Халх нутагт сүй бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн ирж цулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүй морины ереөл гэж нэрлэх нь бий.
Сүй бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь, хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэй холбоотой. Түүнчлэн сүй бэлэгт \”эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай\” зэрэг ёгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн шинжтэй юм. Сүй бэлэг нь хоёр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаар баталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүй бэлгийн хариуд бэрийн талаас инж нэртэй бэлэг төхөөрөн өгдөг.
\”Сүй” бэлэгт идээний зүйл, тэргүүнд сүүний архи (нэрмэл) ордог. Иймээс сүй бэлэг төлөөгүй бол төрсөн хүүхэд хууль бус гэгдэж зөвхөн эхэд хамаарна гэж үздэг байсан ажээ. Сүй бэлгийн хариуд худ талаас \”инж” хэмээх бэлэг бэлтгэн охинтойгоо хүргүүлдэг байжээ. Бэрийн талаас авах инжний хэмжээ хоёр талын харилцан тохиролцсоноор их, бага байж болно. Инж бол охины талын хөрөнгө чинээнээс хамаардаг байсан бөгөөд инжинд авгайн үс, гэзэгний бүрэн хэрэгсэл, чимэг зүүлт, дөрвөн улирлын бүрэн хувцас хунар, ор дэрний (буйдан) хэрэглэл, авдар сав, үхэг болон гал тогооны эд, саалийн үнээ, хэдэн толгой бог мал багтахын хамт бүтэн тоног хэрэгсэлтэй уналгын морь нэгийг заавал оролцуулан явуулдаг заншилтай байжээ. Инж нь шинэ айлын хөрөнгөтэй нэгддэг хэдий ч охин хүн түүнийгээ захиран зарцуулах эрх мэдэлтэй, ямар нэгэн тохиолдолд түүнийгээ авч гэртээ буцах эрхтэй байжээ.
Хуримлах ёслолын үед хэлдэг ерөөл бэлгийн үгийн сонин хэлбэр нь \”эхийн цагаан сүүний харамжийн үг юм. Хуримын төгсгөл хэрд \”эхийн цагаан сүүний харамжийн үг\” хэлж хүргэж ирсэн эхэд нь бэлэг өгнө.
Хуриманд уригдан ирсэн зочид сайн дураараа дуу өдөөж болох бөгөөд дуулах дууныхаа ая дан, шүлэг найрагт анхаарах хэрэгтэй. Найран дээр дуулах дуунууд гүн утга учиртай, аз жаргал хүссэн дуу байна. Хагацаж салсан хайрын тухай дуу, насан өөд болсон ижий, аавын тухай дуу найранд ирсэн зочдод таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна хүйтэн уур амьсгалыг бий болгодог. Тиймээс хуримын найранд уригдсан бол хэлэх ярихаас гадна дуулах дуугаа зөв сонгох нь чухал юм.