“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболдод иргэнийг таван удаа 409 хоног хорьж, 16 удаа шүүн, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн бүлэг прокурорын талаарх баримтуудыг хүлээлгэн өгөв.
Тэрбээр “НПГ-ын Хяналтын прокуророор ажиллаж байсан П.Халиун, прокурор Ж.Сандагсүрэн, Ц.Батболд нар надаас 100 мянган ам.доллар нэхэж, хэргийг тань надад ашигтайгаар шийдэж өгнө гэж тулгасан. Би П.Халиуны зуучилсны дараа эхний удаа 10 мянган ам.долларыг бэлнээр өгөх, 90 мянган ам.долларыг хэргийг надад ашигтайгаар шийдэгдсэний дараа өгөх гэрээ хийсэн.
Гэвч энэ мөнгийг өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсний дараа намайг шүүхээр 16 удаа шүүсэн. Надад хамаарах хэрэг гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж, гэм буруугүй нь нотлогдсон. Тиймээс өнөөдөр би төрийн тэргүүндээ холбогдох баримтуудыг хавсарган өгч байна” гэж онцолсон юм.
“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндоржийн өгсөн мэдээллээр, авлига нэхсэн гэгдэж буй хүмүүсийн ихэнх нь ажлаа хийж байгаа аж. Тэрбээр “Би зөвхөн гурван прокурорын нэрийг хэлсэн. Цаана нь 20 гаруй хүн байгаа. Үүнийг өнөөдөр ил тод хэлж чадахгүй байна. Энэ нэг удаа яриад дуусчих асуудал биш. Би цаашдаа хэвлэл мэдээлэлд нээлттэй байж, асуудлыг ил тод ярина” гэсэн юм.
Энэ үеэр ЕТГ-ын дарга З.Энхболд “Хувийн хэвшлүүдээс авлига нэхдэг хуулийн салбарынхан одоо ажлаа өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгч энэ хэрэг дээр шуурхай арга хэмжээ авч ажиллана. Манай хуулийн хэлтэс өргөдлийг судалж, холбогдох газруудад нь шилжүүлнэ” гэж тодотголоо.