Хүүхдээ харж байхдаа үргэлж утас, таблет, компьютер гээд дэлгэцнийхээ ард байж хүүхэддээ анхаарал хандуулдаггүй, анхаарал муутай эцэг эхчүүдийг та таньдаг, эсвэл өөрөө тэдний нэг байж магадгүй юм. Ийм хүмүүс өөрийгөө олон зүйл зэрэг амжуулж чаддаг гэж боддог байж болох ч хүн нэгээс илүү зүйл дээр төвлөрч чаддаггүйг шинжлэх ухаан баталсан. Тэгвэл эцэг эхчүүдийн ухаалаг утасны хэрэглээ хүүхдэд яаж нөлөөлж байна вэ? Хүүхдийн сэтгэл судлаач нарын үзэж байгаагаар дэлгэцнээс салдаггүй ээж, аавын хүүхдүүд эцэг эхийнхээ анхаарлыг татахаар утастай тэмцэлдэх хэрэгтэй гэж боддог байх аюултай юм. Мөн эцэг эхийн буруу үлгэр дууриалал хүүхдийн нийгмийн амьдралд сөрөг нөлөөтэй. Тэд дэлгэцтэй өнгөрөөх цаг нь амьд харилцаатай адил гэж ойлгох сөрөг үр дагавартай.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн газраас гаргасан тоо баримтаар хүүхдийн осол гэмтлийн 10 хувь нь ухаалаг утасны хэрэглээтэй ямар нэг байдлаар холбоотой байна. Мөн эцэг эхийн ухаалаг утасны хэрэглээ хооллох үеэр гаргадаг хүүхдийн буруу зуршилтай холбоотой байна (Pediatrics, 2014).
Ухаалаг утасны ашигтай тал ч бий. Ажлаа хаанаас ч хийх боломжтой учир эцэг эхчүүдэд хүүхэдтэй хамт өнгөрөөх цаг, боломж нэмэгддэг. Иймд зохистой хэрэглээ нь хүүхдийн хөгжилд чухал юм.
АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн газрын статистикаар 2007-2012 онд таваас доош насны хүүхдийн осол гэмтэл 10 хувиар өссөн нь алдарт iPhone утасны анхны загвар 2007 онд гарсантай давхцаж байгаа юм.
Өөр нэгэн судалгаагаар эцэг эхийн гар утасны хэрэглээ хүүхдийн зан үйлд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Бостоны эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Женни Радескигийн 55 эцэг эх, хүүхдийг түргэн хоолны газар хооллож буй байдлыг ажиглажээ. Хүүхэд, эцэг эхийн гаргаж буй үйлдэл болон томчууд утсаа хэр ойрхон ашиглаж байгаад ажиглалт хийхэд 40 хувь нь хоолны үеэр ямар нэг байдлаар утсаа оролджээ. Утсаа оролдсон хүмүүсийн 40 хувь нь хоолны турш утсаа ашиглаж, хүүхдэдээ анхаарал хандуулаагүй байна. Мөн ухаалаг төхөөрөмжөө хамгийн их ашиглаж байсан хүмүүс хүүхдэдээ хамгийн түрэмгий хандаж байжээ. (Pediatrics, 2014).
Гэр бүл, багш нартай ажилладаг сэтгэл судлаач, профессор Шерри Турклийн судалгаа, ярилцлагын туршлагаар технологиос болж одоогийн хүүхдүүд эцэг эхтэйгээ чухал зүйлсийн талаар ярьж чадахгүй байгаа юм. Хүүхдүүдтэйгээ ярилцахгүй байснаар зааж сургамжлахын ач холбогдолыг орхигдуулж, ганцаараа байх чадварыг хүүхдүүд сурч чаддаггүй байна.
Энэ асуудлыг үүсгэхгүйн тулд эцэг эхчүүд босдог цагаасаа 30 минутын өмнө эрт босч имэйлээ шалгах, онлайнаар хийх ёстой ажлаа хүүхдээ сэрэхийн өмнө хийж дуусгахыг хичээх хэрэгтэй. Хүүхэдтэй хамт байдаг цагтаа утас хэрэглэхгүй байж, бүтээлч, тайван цагийг хүүхэдтэйгээ хамт өнгөрөөх хэрэгтэй.
Гэр бүлүүд хэвшүүлэх хэрэгтэй хамгийн чухал зан үйл бол хамтдаа хооллох бөгөөд энэ үеэр ухаалаг төхөөрөмж ашиглахгүй байж, хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй. Энэ нь хүүхдийн хоол тэжээл төдийгүй сэтгэл зүйн хөгжилд чухал нөлөөтэй юм. Хоолны үеэр утсаа ширээн дээр байлгах нь ч сөрөг нөлөөтэй. Учир нь хэзээ утас дуугарч, ярьж байсан яриа тасалдахыг мэдэхгүй тул хүүхэд чухал яриа өрнүүлэхээс эмээдэг. (JAMA Pediatrics, 2014).
Мөн хүүхдэдээ утсаараа юу хийж байгаагаа тайлбарлах нь эерэг нөлөөтэй. Утсаар амжуулж буй ажил нь гэр бүлд нь хэрэгтэй гэдгийг мэдсэнээр хүүхдэд утастай тэмцэлдэх шаардлагатай гэсэн айдас үүсэхгүй. Гэртээ утас хэрэглэхгүй байх тогтмол цагийг 7 хоногтоо нэг удаа тогтоосноор бид хичнээн цаг завтай, эрх чөлөөтэй гэдгээ мэдрэх болно.
Ц.Цэрэндолгор
Эх сурвалж: cybersafety.mn