Энэ амралтын өдөр буюу 9-р сарын 4-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд \”100 яруу найрагч -100 эх орны шүлэг\” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. Дэлхийд цор ганц сонгодог хэлбэрээ хадгалан үлдсэн нүүдлийн соёлтой ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг тусган, түүх соёлоороо бахархах, байгаль дэлхийгээ хүндлэн дээдлэх, эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах үзлийг залуу үедээ төлөвшүүлэх зорилгоор Батлан хамгаалах яам, Залуу зохиолчдын нэгдэл, Монголын зохиолчдын эвлэл, \”Хязгааргүй дуулал\” ТББ-тай хамтран зохион байгууллаа. Энэхүү яруу найргийн цэнгүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал М.Саруулдалай, МЗН-ын дарга Ч.Ууганбаяр болон батлан хамгаалах салбарын албан хаагчид, үгээр зэвсэглэж газар шороо, ард түмнээ хайрлан хамгаалагч монголын үе үеийн нэрт яруу найрагчид уран уншигчидаас гадна Өвөрмонгол, буриад зэрэг монгол туургатан найрагчид, яруу найргийг шимтэн сонсогчид гээд олон хүн ирсэн байлаа. Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ \”Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон монгол цэргүүд газар шорооны ариун дагшин байдал, ард түмнийхээ энх амгалан амьдралыг хамгаалан тэмцсээр ирсэн бол бичгийн мэргэд маань гайхамшигт сайхан орон, цэрэг эрсийн халуун зүтгэл, эх оронч үзлийн тухай үгийн ураа уралдуулан тунхагласаар ирсэн. Өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаар олж авсан тусгаар тогтнол, эрх чөлөөг цаашид хайрлан хамгаалах үзэл, хүмүүжлийг нийгэмд хүргэх, эх түүхээ мэддэг, монгол хүн гэдгээрээ бахархдаг эх оронч иргэдийг төлөвшүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ. Манай яам энэ эрхэм үүргээ хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгэн өвөрмөц бөгөөд үр өгөөжтэй ажил болгон Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран 20 гаруй жилийн турш \”Эх орны цэрэг\” яруу найргийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж Жанжины сэлэмт яруу найрагчдыг төрүүлэн гаргаж эх орны сэдэвт бүтээлүүдийн өв санг бий болгосоор ирсэн бахархалт түүхтэй.
Батлан хамгаалах яам, Монголын зохиолчдын эвлэл, Залуу зохиолчдын нэгдэл, \”Хязгааргүй дуулал\” ТББ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулж буй энэхүү \”100 яруу найрагч-100 эх орны шүлэг\” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг ч мөн үүнд зохих хэмжээний үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна\” гэлээ. Мөн нээлтийн ажиллагаанд ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Ч.Баярмаа, найрал дуучид, БХИС-ын Хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжимчид болон Увертюра хамтлаг, МУГЖ Б.Дашдондог, МУСТА Т.Дэлгэрмөрөн, С.Амармандах, Я.Гэрэлчулуун нар оролцлоо. Мөн Монгол цэргийн музейн хамт олон ирсэн зочдод музейн үзмэрээ дэлгэн танилцуулсан нь үзэгчдын анхаарлыг ихэд татаж байсан юм. \”100 яруу найрагч -100 эх орны шүлэг\” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг нь ашгийн бус, үнэ төлбөргүй хийгдэж, яруу найрагчдыг өргөнөөр оролцуулж, уншигчидтай нь нүүр тулан уулзуулдгаараа онцлогтой билээ. Энэ жил дан ганц Монголын төдийгүй олон улсын монгол туургатан яруу найрагчид ч ирж оролцсоноос гадна Ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат, Д.Нацагдоржийн болон бусад Ринчин, Лодойдамба, Цэдэндорж, Чойномын нэрэмжит шагналтай зохиолч яруу найрагчид, эхлэн бичигч залуу зохиолчид оролцож буй нь ч олны анхаарлыг татаж байсан хэмээн зохион байгуулагчид хэлж байна. Мөн бүх шүлэгч найрагчийн шүлгээр тусгайлан ном бүтээх юм. Энэхүү арга хэмжээг \”Боловсрол суваг\” ТВ, MGL RADIO102,1 улс орон, дэлхий даяар шууд дамжуулсан юм.