Монгол Улсын Засгийн газраас 2016 оны Төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд зарим төрлийн татвар нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн юм. УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, Төсвийн тодотголд багтсан татваруудын талаар байр сууриа нэгтгэж, буцаах улс төрийн шийдвэр гаргасан байна.
Энэ талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат \”Зарим төрлийн татвар нэмэгдүүлэхтэй холбоотой ташаа ойлголтууд нийгэмд нэлээд цацагдсан. Тухайлбал, 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд тодорхой хэмжээний татвар ногдуулах санал гаргасан. Монгол Улсад цалин авч байгаа нийт иргэдийн 1.6 хувь нь 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай байгаа гэсэн судалгаа бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор 150-иас илүү гарсан метр квадратад татвар ногдуулахаар заасан. 150 метр квадрат хүртэлх байртай иргэд энэ татварт хамаарахгүй байсан.
Мөн том оврын автомашины татвар гэхэд зөвхөн хилээр оруулж ирэх машинд л ногдуулах, одоо явж байгаа, ороод ирчихсэн машинуудад огт хамаарахгүй байсан. Засгийн газар анхнаасаа нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа. Тийм учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна. Өөрөөр хэлбэл, суудлын олноор хүч түрж асуудлыг шийддэг алдааг давтахгүй байх нь чухал. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан. Монгол Улс дөрөв, таван төсөвтэй болсон. Ингэж төсвийн сахилга бат алдагдсанаар төсөв хэт данхайх, алдагдал газар авах нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр Монголын төсвийн алдагдал дөрвөн их наяд буюу түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн” гэлээ.
Үндэстэн агентлаг