Монгол Улс “Оюу толгой” төслөөс 17 жилийн дараа анх удаа буюу 2027 онд 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болсон. Энэ ноогдол ашгийг иргэдийн халаасанд хийнэ гэж Засгийн газрын тэргүүн ч олон удаа хэлж байв. Гэвч төсвийн тодотгол хэлэлцэх үеэр энэ мөнгө аль хэдий нь өөр зүйлд зарцуулагдсан болохыг УИХ-ын гишүүн хэлж, шүүмжилж эхэллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн С. Амарсайхан өөрийн цахим хуудаснаа тун ноцтой шүүмжлэлийг бичжээ.
Тэрээр “ТӨСВИЙН АЛДАГДЛЫГ ИРГЭДИЙН НОГДОЛ АШГААР НӨХӨЖ БОЛОХГҮЙ!
Иргэдээ хуримтлалтай, хөрөнгөтэй, өмчтэй болгох бодит боломжийг бүрдүүл! Оюутолгойн 34 хувь бол Монголын ард түмний баялаг!
2027 онд Оюутолгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсөвлөжээ. Энэ нь насанд хүрсэн иргэн бүрд тэнцүү хуваарилбал ойролцоогоор 1.3 САЯ ТӨГРӨГ ногдох хэмжээний мөнгө.
Гэтэл Засгийн газар үүний 2 их наядыг улсын төсөвт зарцуулж, ердөө 1 их наядыг иргэдийн Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
ӨНӨӨДӨР ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮД ОРЛОГОГҮЙ, ӨР ЗЭЭЛ, ТАТВАРЫН ДАРАМТАД ТУЙЛДАЖ, ЭЛГЭЭРЭЭ МӨЛХӨЖ БАЙНА!
Айл өрхүүд амьдралаа залгуулах гэж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барихгүй гэж тэмцэж байхад төр ард түмний баялгийн өгөөжийг төсвийн зардалд зарцуулахаар төлөвлөж байгаа нь буруу!
ХАРИУЛТ НЭХСЭН НОЦТОЙ АСУУЛТУУД БАЙНА!
НЭГ. Оюутолгойн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилах албан ёсны шийдвэр гаргаагүй байхад 3 их наядыг хэн, ямар тооцоо, тохиролцоонд үндэслэн тогтоов? Оюутолгойн 2026 оны санхүүгийн үзүүлэлт 6–8 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэх мэдээлэл байхад Монгол Улс үүнээс илүү өгөөж авах боломж байсан уу?
ХОЁР. Г.Занданшатарын Засгийн газрын үед аж ахуйн нэгжүүдээс 1.5 их наяд төгрөгийн татварыг урьдчилан авч зарцуулсан, мөн Оюутолгойн татварын маргаантай холбоотой 1.5 их наяд төгрөгийг төсвийн алдагдал нөхөхөд ашигласан гэх асуудлууд бий.
Нийлээд яг 3 их наяд! Энэ нь 2027 оны ногдол ашгийн тооцоо, төлөвлөлттэй ямар холбоотой вэ?
ГУРАВ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар ногдол ашгийг иргэдийн Хуримтлалын санд төвлөрүүлэхээр заасан байхад 2 их наяд төгрөгийг улсын төсөвт зарцуулахаар төлөвлөсөн нь хуулийн ямар заалтад үндэслэж байна вэ? Үүний хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлах ёстой.
ДӨРӨВ. Төсвөө боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлчихээд одоо иргэдээс санал авч байгаа нь ямар учиртай вэ? Иргэдийн саналыг шийдвэр гаргахаасаа өмнө авч, бодлого, төлөвлөлтдөө тусгах ёстой байсан.
ШААРДЛАГА МАШ ТОДОРХОЙ!
1. Ногдол ашгийг хуульд нийцүүлэн иргэдийн Хуримтлалын дансанд бүрэн төвлөрүүл!
2. Иргэд өөрт ногдох хөрөнгөө эрүүл мэнд, боловсрол, орон сууц, бизнес болон өөрийн сонгосон төсөл, хөрөнгө оруулалтад зарцуулах, шууд хүртэх эрх зүйн боломжийг бүрдүүлж, сонголт хийх эрхийг нь эдлүүл!
3. Гурван их наяд төгрөгийн тооцоо, татварын урьдчилгаа, Оюутолгойтой байгуулсан бүх гэрээ, тэдгээрийн заалт болон бусад тохиролцоог ил тод болго!
Иргэдээс татвар, торгууль нэхэж, аж ахуйн нэгжүүдийг өр зээл, татварын дарамтад оруулчихаад баялгийнх нь өгөөжийг ч төсвийн алдагдал нөхөх зардалд шингээж болохгүй!
Төсвийн алдагдлыг ард түмний ногдол ашгаар нөхөх бус, төсвийн сахилга бат, үр ашиг, хариуцлагаа сайжруулж, хөрөнгө оруулалт хийх боломжийг иргэд аж ахуйн нэгжид бүрдүүлж өгөх ёстой.
БАЯЛАГ НЬ АРД ТҮМНИЙХ ЮМ БОЛ
ӨГӨӨЖ НЬ Ч АРД ТҮМНИЙХ БАЙХ ЁСТОЙ!” гэжээ.










































































