УОК-ийн шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг дараах мэдээллийг өглөө.
Өнгөрсөн долоо хоногт 70 гаруй монгол оюутны асуудлыг БНСУ-ын талд шилжүүлээд шийдвэрлээд байна.
“Он гарсаар 21 мянга орчим монголчууд эх орондоо иржээ. Гадаадын 80 гаруй улсад 190 мянга орчим монголчууд амьдардаг гэсэн судалгаа бий.
УОК-т тухай бүр мэдээллийг хүргэн ажиллаж байна. Гадаадад байгаа иргэд болон тэдний ар гэрийнхэнд хандаж хэлэхэд тухайн бүс нутагтаа тайван байхыг уриалмаар байна. Байгаа газар нутгийнхаа Засгийн газраас өгч байгаа зөвлөмжийг дагахыг хүсч байна. Гадаад улс руу чартер нислэг үйлдэх эсэх талаар асууж байна, өргөдөл өгч байна. Гадаад харилцааны яам руу, УОК-д өргөдөл өгч, хүсэлт тавих шаардлага байхгүй юм шүү. Онгоцны тийз захиалах бол тухайн агаарын тээврийн компанидаа хандан энгийг горимын дагуу хийгээрэй гэж хүсэх байна.
БНСУ-д сурдаг оюутнуудын асуудалд анхаарч эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт 70 гаруй монгол оюутны асуудлыг БНСУ-ын талд шилжүүлээд шийдвэрлээд байна. Нэг хэсэг нь эх орондоо байя гэж байхад зарим нь хичээлдээ явмаар байна гэсэн хүсэлтийг ирүүлээд байна. Гэхдээ тус улсад зарлаад буй хөл хорионы дэглэмийг мөн хүндэтгэх ёстой юм шүү” гэж ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэллээ.