Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) энэ зун зохион байгуулагдах Токио 2020 зуны олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гаргасан тухай мэдээ хүлээж авснаа тус хорооны гишүүн Дик Паунд өчигдөр хэвлэлд ярьжээ.
Канад, Австрали улсуудын үндэсний олимпын хороод коронавирусийн аюулаас сэрэмжлэх үүднээс Токио 2020 наадамд оролцохгүй болсноо өчигдөр зарласан юм.
“ОУОХ-ноос авсан мэдээллээр бол хойшлох шийдвэр гарсан байна. Ямар хугацаагаар хойшилсон нь тодорхойгүй байгаа ч долдугаар сарын 24-нд лав эхлэхгүй болжээ” гэж Дик Паунд өчигдөр “USA Today” сонинд ярьсан байна.
Тэрээр зуны олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж байгаагаа мөн хэлжээ.
Олимпын наадам хойшилбол зохион байгуулагч оронд том цохилт болох юм. Япон улс энэ арга хэмжээнд $12 тэрбумын хөрөнгө оруулаад байгаа бөгөөд спонсорууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олох асар их орлого хүлээгдэж байгаа.
ОУОХ болон Япон улсын засгийн газар Токио 2020 наадмыг хугацаанд нь явуулахаа олон удаа мэдэгдэж байсан ч үндэсний олимпын хороод, спортын холбоод, тамирчдын шахалтаар хойшлуулах асуудлыг нэг сарын дотор ярилцаж шийдэхээр болсон юм.
Олимпын наадам 124 жилийн түүхэндээ ганц ч удаа хойшлогдож байгаагүй. Харин 1916, 1940, 1944 онуудад дэлхийн дайнуудын улмаас бүрмөсөн цуцлагдаж байжээ. Мөн 1980 оны Москвагийн, 1984 оны Лос Анжелесийн олимпын наадмуудыг капиталист болон социалист улс орнууд харилцан бойкотлож байв.