Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтаж Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах улсын комиссоос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав, \”Тус комисс байгуулагдаад 26 жил болж байна. Комисс эхний жилүүдэд Ерөнхийлөгчийн зарлиг болон бусад эрх зүйн актыг удирдлага болгон ажиллаж байсан бол 1998 оноос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд ажиллаж байна. Тус хуулийн 4 дүгээр зүйлд хуулийн үйлчлэх хүрээг 1922-1990 оныг хүртэл гэж заасан. Өнөөг хүртэлх хугацаанд шүүхээс нийт 31200 гаруй хүн буюу 90.6 хувийг нь цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна.
Өөрөөр хэлбэл улс төрийн хилс хэрэгт 36 мянга гаруй иргэн хэлмэгдсэн гэж үздэг. Одоогоор шалгаж шийдвэрлээгүй улс төрийн 2375 хэрэг байна. Гэтэл одоо цагаатгуулах өргөдөл хүлээн авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Иймд энэ хугацааг сунгуулах хуулийн төслийг боловсруулж, намрын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна” гэв.
Хууль мөрдөгдөж эхэлснээс хойш 18 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхэд, ач зээ 18 мянга гаруй иргэнд 16 тэрбум 300 гаруй сая төгрөгийн нөхөх олговор олгосон байна. Мөн амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 иргэнд орон сууц, 198 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор, 310 иргэнд 84 сая 370 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг олгожээ.
Түүнчлэн салбар комиссууд өөрсдийн нөөц бололцоо, тухайн орон нутгийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгээр хэлмэгдэгчид болон тэдний гэр бүлийн 14.328 иргэнд 214 сая 186 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн аж.
Жаргал
Undesten.mn