\”Дэд
сайд томилох асуудал юу болсон? Мэдэхгүй, чимээгүй л байна” нэг иймэрхүү яриа
төрийн ордонгийн коридор/хонгил/-т өрнөж байна.
Нээрэн
дэд сайдууд хэзээ томилогдох вэ, сураг байна уу та минь ээ. Уг нь дэд сайд
гэдэг чухал албан тушаал. Сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг,
байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг
үүргийг гүйцэтгэдэг. Мөн төсөл хөтөлбөр, арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
сайдын эзгүйд түүнийг орлох зэрэг үүрэг гүйцэтгэдэг хариуцлагатай алба.
Гэтэл
зургаан яам дэд сайдгүйгээр улс төрийн тохироо хэзээ бүрдэхийг хүлээж сууна. Засгийн
газрын тухай хуульд \”Дэд сайдын орон гарсан тохиолдолд Засгийн газар 30
хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон дэд сайдын бүрэн эрхийн
хугацаа тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж
заасан байдаг аж. Хуульд зааснаар бол дэд сайд томилогдох нь битгий хэл огцрох хэмжээний хугацаа
өнгөрчихөөд байхад сураг ажигч үгүй, таг чиг. Уг нь намууд дэд сайдаар томилох
хүмүүсийнхээ нэрсийг өргөн барьчихсан. Даанч Засгийн газар дээр очоод
гацчихлаа.
Засгийн
газраас дэд сайдыг томилох асуудлыг яагаад гацаагаад байгаа талаар олон
тайлбарууд цахим хуудсаар хөвөрч байна. Эндээс \”Засгийн газар унах нь тодорхой болсон
учраас дэд сайд томилох асуудалд анхаарлаа хандуулахгүй байна” гэсэн тайлбарыг
олон хүн хэлж байна. Үнэхээр Засгийн
газар унах гэж байгаа бол дэд сайд томилж \”хүний амьдралаар тоглоод яах вэ”.
Түүний оронд хэдэн яамны дэд сайдын өрөө цоожтой л байж байг.
А.Аюуш