Эрдэнэт үйлдвэр болон Швейцарийн MRI Trading AG компани хоорондын удаан сунжирсан маргааны улмаас Лондонгийн шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн Англи дахь хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэж Ройторс агентлаг мэдээлжээ. Битүүмжлэхээр шийдвэрлэсэн хөрөнгийн дүн 7.115 сая доллар, нэмэх нь 637,818 фунт стерлинг агаад 12 банк, арилжааны байгууллагуудад шүүхийн шийдвэр хүргэгдсэн байна. Битүүмжлэл Эрдэнэт үйлдвэрээс MRI-д төлөх хөрөнгийг бүрэн төлсний дараа дуусгавар болно. Уг шийдвэрийн улмаас Эрдэнэт үйлдвэр Лондонгийн зах зээл дээр зэс болон бусад металын арилжаа хийх боломжгүй болоод байгаа аж.
Ройторсын сурвалжлах багийн танилцсан шүүхийн материалуудаас үзвэл Эрдэнэт үйлдвэр 2009 оны нэгдүгээр сарын 30-наар 40,000 тон хөвүүлэн баяжуулсан зэсийн баяжмал нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутгагджээ. Энэ асуудал Английн дээд шүүх дээр очихоос өмнө Лондонгийн Метал Арилжаа арбитарт очсон байсан агаад MRI-ын талд шийдвэр гарсан юм. Эрдэнэт үйлдвэрийн дээд шүүхэд давж заалдсан өргөдөл хүчингүй болсон тул ийнхүү тус үйлдвэрийн Английн банкууд дахь хөрөнгө битүүмжлэгдсэн байна.