АН-ын ҮБХ-ны гишүүн асан, бие даан нэр дэвшигч Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Түүний хувьд АН-аас нэр дэвшихээр горилж 100 сая төгрөг намдаа тушаасан ч, горилогчдоос дахин 300-400 сая төгрөг нэхсэн АН-ын дарга С.Эрдэнэтэй үзэл бодол зөрөлдсөн гэх шалтгаанаар намаасаа гарч бие даан нэр дэвшихээр болсон.
Баянхонгор аймагт бие даан нэр дэвшиж буй тэрбээр өнөөдөр намынхаа удирдлагуудад шударга өрсөлдөхийг уриалсан уриалга гардуулжээ. Мөн дэнчин 100 сая төгрөгөө буцааж авах асуудлыг тавьсан байна.
Энэ үеэр тэрбээр “Баатархүү тэргүүтэй дарга нар нэр дэвшилтэд сэтгэл гонсгор байна. Боловсролын зэргээрээ дээгүүрт ордог хүмүүс, олон сайхан залуусаа АН нэр дэвшүүлсэнгүй. АН нэг хүний нам болсон гэдгийг намын бусад гишүүд ч зөвшөөрч байна.. АН-ын мандатыг зарсан. Монголыг бүхэлд нь худалдаж авдаг нэг том компани АН-ыг худалдаад авчихсан гэж намын гишүүд ярьж байна.
УИХ-ын гишүүд хүртэл ярьдаг нэг л хүн байдаг, та бүхэн мэдэж байгаа байх. Энэ хүн 100 сая төгрөг өгөөд нэр дэвшиж чадаагүй залуучуудад мөнгийг нь өгөөд хэл амгүй болгож байна гэх зүйл сонслоо. Гэхдээ миний хувьд буцааж авсан зүйл алга. Нэр дэвшихээсээ нэг өдрийн өмнө намын гишүүн болсон, гэмт хэрэгт холбогдсон 10 гаруй хүнийг нэр дэвшүүлсэн. Миний хувьд Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүнээс эхлээд ҮБХ-ны гишүүн болтлоо АН-д 10 гаруй жил зүтгэсэн. Гэтэл цагийн өмнө ҮБХ-нд гишүүнээр ороол нэр дэвшчихэж байна. Гэхдээ эцсийн сонголтыг ард түмэн хийнэ” хэмээсэн юм.