Х.Алтай гэх залуу 2011 онд \”Монголын
хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байлаа. Гэвч 2013 оны 6
дугаар сард тэрээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Төрийн өмчийн хороо болон \”МХБ”-ийн
ТУЗ 2014 оны нэгдүгээр сард түүнийг албан тушаалаас нь чөлөөлж байсан юм. Тухайн
үедээ улс төрийн халаа сэлгээ хийгдэв үү гэж дүгнэж байсныг өнөөдөр ч гүүглээс/google/ унших боломжтой.
Тэгвэл гэрээнд заасан хугацаанаасаа өмнө
албан тушаалаа өгч байсан Х.Алтайг дахин \”Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн
Гүйцэтгэх захирлаар томилж, М.Болорыг чөлөөлөх шийдвэрийг тус компанийн ТУЗ
гаргажээ. Үнэхээр мэдлэг чадвартай, салбартаа
мэргэшсэн хүн хэмээн түүнийг хоёр дахь удаагаа ийнхүү чухал албан тушаалд
томилж байх шиг байна. Гэвч Х.Алтай Монголын хөрөнгийн биржийг удирдах
хугацаандаа тийм ч төгс сайн ажиллаж чадсан уу гэвэл үгүй.
Гэрээнээсээ өмнө нь ажлаас чөлөөлөгдөх
хүсэлт гаргана гэдэг нь төлөвлөсөн ажлаа дутуу орхиод явж байгаагаас өөрцгүй.
Гэвч энэ нэг их чухал асуудал биш.
Харин Х.Алтайг Гүйцэтгэх захирлаар ажиллаж
байх хугацаандаа албан тушаалаа эрх хэмжээгээ хэтрүүлж, байгууллагын төсвөөс
зориулалтын бусаар зарцуулсан зардлууд их байсныг Нийслэлийн Мэргэжлийн
хяналтын газраас хийсэн шалгалтаар тогтоогдож, улмаар акт хүртэл тавигдаж
байсан юм.
Тодруулбал, \”МХБ”-ийн Гүйцэтгэх захирлын
нэр дээр сард 20 мянган ам.долларын эрхтэй гүйлгээ гарсан тухай бүрт дүүргэлт
хийж байх гадаад болон албан томилолтод ашиглах зориулалт бүхий олон улсын
хэрэглээний карт байдаг байна. Гэтэл Х.Алтай энэхүү картыг зориулалтын бусаар
буюу хувьдаа ашиглаж, үрэгдүүлж байсан гэх үндэслэлээр 17 сая төгрөгийн акт
тавьж байсан юм.
Мөн түүний бялдаржуулах клубт хичээллэх
зардал болох 3 сая төгрөгийг байгууллагаас гаргадаг байсан, гар утасны
хэрэглээг хэтрүүлсэн, Засгийн газрын тогтоолын дагуу 16.8 литрээс дээш шатахуун
зарцуулалттай автомашин хэрэглэхийг хориглосон байхад үүнийг зөрчиж, 22 литр
шатахуун зарцуулалттай жийп машин хөлөглөдөг байсан гээд дурдаад байвал
зөрчлүүд олон бий. Үүнийг санаанаасаа зохиосонгүй. Харин тухайн үед НМХГ-аас
шалгалт оруулж, илэрсэн зөрчлүүд нь энэ байлаа.
Үүнээс Х.Алтайг Монголын хөрөнгийн биржийг
тийм ч цэвэр нэртэй удирдаагүй гэдгийг харж болохоор. Тэгвэл ийм хүнийг дахиад
л албан тушаалд томилчихлоо. Яах уу, хямралтай үед 3 сая төгрөгөөр фитнесст
явуулж, сар бүр 20 мянган ам.доллароор эрхүүлье гэж үү. Зарим нь байдаг л
зардал гэж үл тоомсорлож байна. Тийм зүйл байж болохгүй. Тэр тусмаа Төрийн өмчийн
компанийн гүйцэтгэх захирлын урсгал зардал ийм өндөр байж таарахгүй.
Үндэстэн агентлаг