УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг АТГ-аас шалгаж эхэллээ. Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Сайд асан Н.Батбаяр нь \”Чингис”, \”Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.
Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан \”Чингис\”, \”Самурай\” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр \”Гудамж төсөл\”, \”Гэр хорооллын дахин төлөвлөлт\” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг юм.
Эхнээсээ элдвийн хардлага дагуулсан бондын мөнгүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгогдсон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бондын мөнгийн зарцуулалтыг олон нийтэд зарлахгүй нууцалсаар өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл ойрын өдрүүдэд АТГ-аас уг асуудлыг шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны захирал болон удирдах албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн билээ.
Дашрамд дурдахад Н.Батбаярыг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай зүйл ангийн 263 дугаар зүйлийн 263.2- т Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, мөн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т Энэ хэргийг давтан, эсхүл хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 150 дугаар зүйлийн 150.3-т Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг юм.
Г.Лхагваа
Zaluu.com