Маркетеруудын/зар сурталчилгааны албаныхан/ бодож, боловсруулж, зах зээлд нэвтрүүлж буй шинэлэг гэгдэх сурталчилгаанууд Монгол хэлний эсрэг заналхийлж байна. Олон зүйл нуршилгүй ганцхан жишээн дээр тайлбарлаж өгье.
Таван Богд компанийн зар сурталчилгааны албаныхан “ӨЛӨН БАЙ…” гэж иргэдийг доромжлоод түүнийгээ олигтой тайлбарлаж чадалгүй, самбараа буулгасан. Харин оронд нь “ДУТУУГАА ДҮҮРГЭ” гэх үгтэй самбар байршуулжээ. Өлөн бай… гэх доромжлолоос хамаагүй дээр хэдий ч эдгээр үгс нь утга зүйн хувьд алдаа дутагдал ихтэй байна.
Магадгүй ӨЛӨН ХООСОН байснаас дүүргэж амьдар гэдэг санааг илэрхийлэх гэсэн байх. Гэвч ДУТУУ байгаа зүйлийг хэзээ ч дүүргэдэггүй юм аа. Хэрвээ ингэж бичээд эхэлвэл утга зүйн хувьд алдаа болж байна. Харин ДУТУУ зүйлийг нөхнө гэвэл ойлгомжтой. Гэтэл дүүргэх гээд байгааг ер ойлгохгүй байна. Хоосонг эсвэл дундуур гэх нэршил дээр дүүргэлтийн тухай ярьж, бичиж болно.
Даанч үүнийг Таван Богд компанийн зар сурталчилгааны албаныхан төдий л сайн ойлгосонгүй. Эхлээд ӨЛӨН БАЙ гэж харь үгийн модон орчуулга ашиглачхаад дараа нь ДУТУУ зүйлийг нөхөж, орлуулахын оронд ДҮҮРГЭ гэх үгийг ашигласнаараа Монгол хэл зүйн ямарч чадамж байхгүй гэдгээ нотолж, шал дургүйг минь дахин хүргэчихлээ. Энэ бол зохион байгуулалттайгаар Монгол хэлний эсрэг хийж буй үйлдэл мөн.
Залуус утга, найруулгын алдаатай сурталчилгааны хохирогчид болж буруу ярьж, буруу бичиж эхэлвэл аюултай. Бурууг зөв гэж ойлгож байгаа асуудлыг хэн ч анхаарахгүй байгаа нь бүр ч том аюул…
Хэлний дархлааг бага багаар алдагдуулсаар сүүлдээ бид хэн ч биш хэлтэнгүүд болох вий дээ. Энэ мэт энгийн алдаануудыг орхигдуулалгүй анхаарлаа хандуулж, цаг тухай бүрт нь алдааг нь хэлж, засч, залруулж байхыг хэл судлалын мэргэжилтнүүд, эрдэмтэн, зар сурталчилгааны албаныханд АНХААРУУЛЖ, САНУУЛМААР байна.