Гэмтэл согог
судлалын үндэсний төвийг/ГССҮТ/ дарга тогтдоггүй эмнэлэг гэх үү, эсвэл хэт улс
төржсөн эмнэлэг гэх үү юу гэж нэрлэхээ нэг их сайх мэдэхгүй л байна. Уг нь
гэмтсэн, бэртсэн хүмүүсийг эмчилдэг энэ эмнэлэгийн дарга удирдлагууд тогтвортой
байвал зүгээрсэн.
ГССҮТ-ийн
дарга З.Мэндсайхан үүрэгт ажлаасаа саяхан чөлөөлөгджээ. Харин түүний оронд
Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Эрдэнэ түр орлон гүйцэтгээд үлдэж.
Эмнэлгийн
даргын орон тоо гарсан учраас Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт
зарлах ёстой. Гэвч одоогоор ямар нэг сонгон шалгаруулалт зарлаагүй байна.
Н.Удвалыг Эрүүл
мэндийн сайд байхад Ц.Энхбаяр гэгч ГССҮТ-ийн даргын албан тушаалыг түр орлон
гүйцэтгэж байсан. Бодлогын дагуу сонгон шалгаруулалт зарлахад Ц.Энхбаяр нь тэнцээгүй
ч даргын суудлаа өгөлгүй тамга тэмдэг авч зугтан олон асуудал үүсгэж байсныг
тодхон санаж байгаа байх. Энэ явдлаас хойш ГССҮТ-д дарга тогтохоо болчихлоо.
Мэргэжлийн, мэргэшсэн дарга, удирдлага энэ байгууллагад хэрэгтэй. Гэвч чин
сэтгэлээ зориулан ажиллах боловсон хүчин ГССҮТ-д дутагдаж байна.
Хоёр ч удаа
сонгон шалгаруулалт зарлахад материалаа ирүүлсэн хүмүүсийн нэрсэд өөрчлөлт
гараагүй. Энэ удаад ч тэр өөрчлөлт гарахгүй болов уу гэсэн хардлага байна.
Өөрөөр хэлбэл нэгдүгээр байрт шалгарч ГССҮТ-ийн даргаар томилогдсон эрхэм албан
тушаалаасаа чөлөөлөгдсөн бол хоёрдугаар байрт шалгарсан эрхэм энэ эмнэлгийн
даргаар томилогдоход ойрхон гэж ойлгогдож байгаа.
Эрүүл мэнд,
спортын сайд ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, өмнөх удирдлагын гаргасан
алдаа дутагдал, хууль бус үйлдлийг даруй таслан зогсоох үүрэг өгсөн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Шийдлийн Засгийн газрын үед ажиллаж байсан удирдлагууд
өгсөн үүрэг даалгаврыг өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгоогүй, тус эмнэлгийн
гадна талбайд, яаралтай түргэний автомашин орж гарах замын урсгалыг хааж хувийн
байгууллагад газар олгосон зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэгджээ. Мөн
шаардлагатай бол Цагдаагийн багйууллага болон дүүргийн удирдлагуудтай хамтарч
асуудлыг шийдвэрлэхийг анхааруулсан байна.
З.Мэндсайхан нь энэ үүрэг
даалгаврыг биелүүлээгүй учраас албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэж ойлгогдож байгаа.
Тэгэхээр ГССҮТ-ийн шинэ дарга эхний ээлжинд эмнэлгийн газраа эргүүлэн авах,
орц, гарцаа цэвэрлэх ажлыг зохион байгуулах учиртай болж байна. Үгүй бол бас л \”баяртай”
болох нь.
Амар