ПАРИС. /Formula1 News/. “Red Bull” компанийн багийн нисэгч Макс Ферстаппенд Олон улсын автомашины холбоо /FIA/ хариуцлага тооцно гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн илэрхийлжээ.
М.Ферстаппен Португалиийн Портимао хотод өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр уралдах үеэрээ тамирчин Лэнс Строллыг “мэдрэл муутай”, “Монгол” гэж дуудсан нь шуугиан дэгдээгээд байгаа юм. Энэ үйлдэл нь Монголын улс төрчид, зөвлөх байгууллагуудаас гадна шүтэн бишрэгчдийнх нь шүүмжлэлийг дагуулсан байна.
Уг асуудалтай холбоотойгоор Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн “Red Bull” компанийн үүсгэн байгуулагч Дитрих Матешиц, Тобиас Моерс болон гүйцэтгэх захирал Астон Мартин Лагонда нарт зүй бус үг хэллэг хэрэглэсэн М.Ферстаппенийг зэмлэн буруушаахыг хүссэн цахим шуудан илгээжээ.
М.Ферстаппен өнгөрсөн ням гарагт тэмцээнд оролцохынхоо өмнө “Би буруу үг хэллэг хэрэглэснээ мэдэж байгаа. Би хэнийг ч доромжлох гээгүй” гэж хэлжээ. “Манай баг М.Ферстаппенийг зүй бус үг хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөггүй” гэж “Red Bull” багийн ахлагч Кристиан Хорнер өмнө нь мэдэгдэж байжээ. Мөн Данийн нисэгчтэй холбоотой асуудлыг тэд дотооддоо шийдвэрлэсэн гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг