Хэнтий аймгийн Онцгой комисс яг одоо хуралдаж байна. Тус аймагт Улаанбаатараас очсон хүмүүсээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан байна. Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат ЗДТГ-ын цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Тэдгээр хүмүүс нь 2020 оны арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар гарсан байна. Тэднийг Цэнхэрмандалын постноос буцаахад голынхоо урдуур Дархан, Баянмөнх, Баянхутаг сумдын нутгаар дайран, аймгийн урд талын шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд, Хэнтий аймгийн төвөөс 70-аад км Заан ширээ гэдэг газарт гэртээ байгаа юм байна.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат: Тэдгээр хүмүүсээс коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ авсан. Хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаад зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг хаах, үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлчилгээний байгууллагыг түр зогсоох, аймгийн төвийн гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хаах шийдвэрийг гаргаж байна.
Аймгийн хэмжээнд хоёр газарт шинжилгээний цэг ажиллуулж эхлээд байна. Баянхутаг сум болон аймгийн төвд хоёр хавьтал байх магадлалтай учраас шинжилээ хийж байгаа. Энэ шинжилгээнүүдийг түргэвчилсэн оношлуураар аваад, Дорнод аймгийн бүсийн эмчилгээ, оношлогооны төв рүү PCR шинжилгээнд явуулна. Энэ шинжилгээний хариуг гарах хүртэл 24 цагийн хугацаанд хөл хориог үргэлжлүүлж, тандалт хийхээр болж байна.
Аймгийн төвд 10 гаруй орыг тусгаарлах эмчлэх болон тусгаарлан ажиглахаар бэлдээд байна. Мөн нэг удаагийн хамгааллын хэрэгслийг хангалттай нөөцөлсөн байгаа. Түргэвчилсэн оношлуур хангалттай байна. Түүнчлэн халдвартай нь батлагдсан тохиолдолд өвчтөнийг эмчлэх эмийн нөөц бий.
Урьдчилсан байдлаар аймгийн хэмжээнд гурван голомт байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, тухайн иргэдийн гэрийг хамгаалалтад авсан. Мөн шатахуун түгээх станцын түгээгчийн гэр болон тус ШТС-аар үйлчилүүлсэн хүмүүсийг хяналтад аваад байна.
Хэнтий аймгийн төв дэх Хангарди шатахуун түгээх станцаар өглөөний 09:00 хүртэл хугацаанд үйлчлүүлсэн иргэдийг 7056-2906 дугаарт хандаж, хаяг, өгүүлэмжээ өгөхийг хүсэж байна. Эдгээр хүмүүс шууд эрүүл мэндийн төв рүү очилгүйгээр хэдэн цагт тус ШТС-аар үйлчлүүлснээ хэлэх шаардлагатай.