Дэлхийн хэмжээнд 54.3 сая хүн коронавирусний халдвараар өвчилж, 1.2 сая хүн нас бараад байна. Харин ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 22 мянган хүн шинээр өвчилсөн тухай мэдээллээр ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурал эхэллээ.
ЭМЯ-ны Урьдчилсан сэргийлэх, Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ, “Манай хойд хөршид өвчлөлийн тархалт нэмэгдэж байна. Ялангуяа хил залгаа Чита, Тува болон Алтайн хязгаарт өвчлөл эрчтэй нэмэгдсэн байна. Үүний дотор Буриад улсад өвчлөл нэмэгдсэн учраас халдвар хамгааллыг сайжруулах, голомтыг цомхотгох зорилгоор дахин хатуу хөл хорионы дэглэмийг 2 дахь удаагаа сонгоод байна.
Манай улсын хувьд, коронавирусний 434 тохиолдол бүртгэгдсэн. Өчигдрийн байдлаар коронавиурсний оношилгоо хийх 18 цэгт 1639 хүн шинжилгээ өгсөн. Бүх хариу сөрөг гарсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар, 119 дугаарт 2000 гаруй хүн холбогдож, коронавирусээс хамгаалах болон эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөө авсан байна ” гэв.