Маргаашаас төрийн бүх шатны байгууллага нийт ажиллах хүчний 10-15 хувийг ажиллуулах, нийтийн тээврийн хатуу зохицуулалт хийж байгааг УОК-ын шуурхай ажлын хэсгээс мэдээллээ.
Өглөө 6.00-10.00, үдээс хойш 17.00-21.00 цагийн хооронд нийтийн тээврээр үйлчлүүлж байсныг нэг цагаар богиносгож, өглөөний 7.00-10.00, үдшийн 17.00-20.00 цагийн хооронд үйлчлэхээр зохицуулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумьяабазар энэ үеэр хэлэхдээ, “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үйл ажиллагааг нарийн цагийн хуваарийн дагуу хийх ёстой. Энэ үед бид 17 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэж тооцоолсон ч өнөөдрийн байдлаар 40-50 мянган машин хөдөлгөөнд оролцож байгаа нь өндөржүүлсэн бэлэн байдлын ач холбогдолтой уялдахгүй байна. Иймээс үүнийг цаашдаа илүү чангатгах, хөдөлгөөнийг хумих тал руу шилжихээс өөр аргагүй байна.
Дээрх цагийн хуваарь явганаар явж байгаа хүмүүст ч хамаатай. Бид нэг цэгцэнд орж байж нүүрлээд байгаа тахлыг давна. Дэлхий нийтийн цар тахлын үед хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тээвэр болон хүний хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хорьж байж үр дүнд хүрч байна. Олон улсад нэвтэрсэн арга барилыг хэрэгжүүлснээр тахлыг хумина. Иргэд төр засгийн буюу Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна” гэлээ.