Гадны
банк Монголд орж ирснээр зээлийн хүү буурч, хадгаламжийн хүү өснө. Энэ нь
харилцагч буюу иргэдэд л ашигтай. Түүнээс энд Хятадын банк байна уу, Оросынх
байна уу, Америкийнх байна уу огт хамаагүй асуудал. Гол нь ямар ч өрсөлдөөнгүй
болж, үгсэн хуйвалдаж, ард иргэд харилцагчдаа ямар ч хяналтгүйгээр шулж байгаа
Монголын арилжааны банкуудад сануулга болох юм.
Үүнийг
ч иргэд ойлгож, гадны аль нэг банкыг хяналттайгаар оруулж ирэхийг улс
төрчдөөсөө шаардах болсон. Гэвч төр засаг нь өөрөө банкныхны халаасанд орчихсон
энэ үед иргэд яаж ч хүсээд барахгүй асуудал энэ болоод байна. Бүр
сүүлдээ төр нь банкуудтайгаа нийлж байгаад иргэдийнхээ тархийг угааж эхэллээ. Үндсэндээ
\”гадны банкыг оруулж ирэх хэрэггүй. Зөвхөн дотоодын банкуудаа дэмжье. Эх оронч
үзэлтэй байя” гэгчлэнгийн уриалгууд цахим хуудсаар хөвөрч эхэллээ.
Яахав одоо ч бид эх оронч зан гаргаж
дотоодын банкуудаа дэмжих шаардлага тулгараад байгаа юм байна л даа. Гэвч
эдгээр банкууд чинь иргэд харилцагч биднийгээ нэг удаа ч болов бодож байсан
билүү. Энгийн жишээ дурдахад, өмнө нь ямар ч шимтгэлгүйгээр өөрийнхөө мөнгийг
картаа уншуулаад авчихдаг байсан бол одоо өдөр өдрөөс шимтгэл нь нэмэгдсээр
байна. Яагаад шимтгэлээ нэмж байгаа юм бэ гэсэн технологоо сайжруулах
шаардлагатай болсон гээд хэнэгч үгүй тайлбар хийгээд харилцагчдынхаа халаасыг
тэмтэрдэг банк манайд байна.
Мөн аливаа зээл, санхүүгийн асуудал
хөөцөлдөөд явахаар шимтгэл, хураамж нэрээр харилцагчдаа шулах нь энүүхэнд.
Үүнийг нь зохицуулж, хориглохоор Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас
гурван ч дарга дамжин шүүхдэлцсэн боловч амжилтыг эс олов. Ер нь төр банкны
халаасанд байгаа улсад шүүхээр яваад ч амжилт олохгүй асуудал гэж байх юм. Тэгвэл хэмжээлшгүй эрхэт хаан шиг аашлаж
буй арилжааны банкуудыг аль ч улсынх байх нь огт хамаагүй гадны шошготой уян
хатан чанартай, үйлчлүүлэгчээ хүндэлдэг банк оруулж ирснээр л номхотгож чадна.
Үүнийг эдийн засагчид, банк санхүүгийн мэргэжилтнүүд маш ойлгомжтойгоор тайлбарласаар
ирсэн юм. Нэг ёсондоо манай банкны салбарт өрсөлдөөн бий болно л гэсэн үг.
Гэтэл монополь болчихсон арилжааны банкууд
өрсөлдөхийг хүсэхгүй байгаа учраас л гадны банк оруулж ирэх асуудлыг
эсэргүүцэж, иргэдийн тархийг угааж байна. Үнэхээр бид эх оронч байх шаардлагатай бол
Хойд солонгос шиг л амьдарья. Асуудал юу байна. Бүх гадны нэр шошготой бүгдийг
хориглоод хөдсөн дээлтэй хуучин үе рүүгээ ухарья л даа. Намуудынх нь мөрийн
хөтөлбөрт хүртэл \”ухарья” гээд тусгачихсан явж байна шүү дээ.
Тэгэхээр нийтээрээ ухарья. Benz, Toyota, BMW, Nissan гээд төмөр
хүлэгүүдийг хилээр оруулж ирэхийг хориглоё. Итали, Франц, Германы хувцас
өмсөхөө ч больё. KFC, Burger
King, Pizza Hut зэргээс татгалзаж,сүүтэй цайгаа ууж, махаа чанаж идье.
Асуудал үнэхээр алга.
Ингэж байж л эх орончид болж чадна. Түүнээс
Герман машин унаж, Итали хослол өмсчихөөд өдрийн хоолоо Шангри-Лад зооглож,
амралтын өдрүүд гадаад далайд өнгөрүүлдэг хэсэгхэн хүмүүсийн төлөө бид эх оронч
байх нь утгагүй. Нэгэнтээ бүхий л салбарт өрсөлдөөн бий болж
иргэд сонголтоо хийж байна. Гэвч банкны салбар л ямарч өрсөлдөөнгүй монополийн
шийдвэрээр явагдсаар ирлээ. Үүнийг өөрчлөх цаг болсон.
Амар
Үндэстэн агентлаг