Өнгөрсөн долоо хоногт Хятад улс дэлхийн стандартчиллын байгууллага ISO-д өөрийн уламжлалт даршилсан хүнсний ногооны стандартыг бүртгүүлжээ.
Пао цай гэгддэг даршилсан ногооны гол үйлдвэрлэгч нь Хятадын Сичуань муж юм.
Хятадад солонгос үндэстний уламжлалт хүнс кимчиг мөн пао цай гэж нэрлэдэг.
Хэдийгээр ISO байгууллагын жагсаалтад пао цайг кимчинээс ялгаатай гэж тэмдэглэсэн ч Хятадын зарим хэвлэлүүд энэ ойлголтод кимчи мөн багтаж байгаа гэж мэдээлжээ.
Энэ мэдээ Өмнөд Солонгосын иргэдийг бухимдуулж, сошиал орчинд эсэргүүцлийн хөдөлгөөн үүсгэсэн байна.
Улмаар Өмнөд Солонгосын хөдөө аж ахуйн яам 2001 онд кимчиний стандартыг тус улс НҮБ-аар батлуулсан байдгийг мэдэгдэж, Хятадын хэвлэлүүдийг буруу мэдээлэл түгээлээ хэмээн буруутгажээ.
Өмнөд Солонгос улс өөрийн дотоодын хэрэглээг хангаж дийлдэггүй тул Хятадаас кимчи импортлодог байна. Харин Хятад улс даршилсан хүнсний импортод хатуу ханддаг тул Өмнөд Солонгосоос кимчи экспортлох боломжгүй байдаг ажээ.
Өмнөд Солонгос нь 2001 онд хөрш Япон улстай кимчиний жорыг олон улсад кодчилох асуудлаар бас маргалдаж байв.
Энэ он гарсаар Хятад, Өмнөд Солонгосын хооронд соёлын маргаан хэд хэдэн удаа гараад байна. Тухайлбал саяхан Хятадын нэгэн телевизийн цувралд гол дүр бүтээсэн жүжигчин Шу Кай солонгос үндэсний ханбоктой ижил хувцастай зургаа сошиал сүлжээнд нийтэлсэн нь хоёр орны иргэдийн дунд маргаан үүсгэжээ.
Цувралын продюсер Юү Жэнь жүжигчний хувцсыг солонгосын ханбок биш, Хятадын феодалын нийгмийн үеийн ханфу гэдэг хувцас хэмээн тайлбарлаж байв.
Дэлхий дахинд алдаршаад байгаа BTS хамтлагийн нэг гишүүн саяхан Солонгосын дайнд амь үрэгдсэн америк, солонгос цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж байгаагаа нэгэн шагнал гардуулах ёслолын үеэр илэрхийлсэн юм.
Гэтэл энэ дайнд олон мянган хүнээ алдсан Хятад улсын интернэт хэрэглэгчид улсынх нь нэрийг дурдаагүй өнгөрсөнд дургүйцэж, BTS хамтлагийн эсрэг бойкот зарлаж байжээ.
BBC