Нийслэлийн Налайх дүүрэгт коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрч, дүүргийн нэгдсэн эмнэлэгт хөл хорио тогтоожээ.
Албан эх сурвалжуудын мэдээлснээр сэжигтэй тохиолдол нь төрсөн өдрийн баярт оролцоод халдвар авсан хүний ойрын хавьтал юм байна. Сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу маргааш гарах бөгөөд тэр болтол эмнэлэгт хөл хорио тогтоож байгаа аж.
Улс даяар арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 12116 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнд 400 гаруй давтан шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрсэн. Батцэнгэл суманд халдвар авсан иргэний гэр бүлийн хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Шинээр илэрсэн тохиолдлуудыг тодруулбал:
- Улаанбаатарт – 7
- Архангайн Батцэнгэл суманд – 1
- Говьсүмбэрт -1
- Сэлэнгэд – 1 тохиолдол давтан шинжилгээгээр батлагдсан.
Улсын хэмжээнд коронавирусийн халдварын 801 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 358 болж байна.