Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 1-нд нийт 12 015 хүнд шинжилгээ хийснээс 11 хүнд коронавирус илэрчээ.
Тодруулбал, Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт 3, Орхон аймагт 2 тохиолдол бүртгэгджээ. Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна.
Улаанбаатар хотод бүртгэгдсэн 6 тохиолдол нь сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэр бүлийн гишүүд, хамт ажилладаг хүмүүс, Сэлэнгэд бүртгэгдсэн 3 тохиолдол нь мөн ойрын хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрсэн бол Орхон аймагт ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын хоёр хүнээс халдвар илэрчээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 812 болж байна. Үүнээс 358 хүн эдгэрээд буй юм.
Ажиглалтад 35 хүн, гэрийн ажиглалтад нэг хүн байгаа бол 322 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ. Харин 9 хүнийг нутаг буцаасан байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 445 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн байна.
Улаанбаатар хотод дүүргээр авч үзвэл, Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 дугаар хороонд нийт 23, Баянзүрх дүүргийн 4, 10, 14, 15, 22 дугаар хороонд 25, Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороонд 12, Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 дүгээр хороонд 13, Хан-Уул дүүргийн 4, 10, 16, 21 дүгээр хороонд 15, Чингэлтэй дүүргийн 19, Багануур дүүргийн 4 дүгээр хороонд тус бүр нэг, нийт 90 тохиолдол бүртгэгджээ.
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод ойрын хавьтал 1063 хүнээс 386 хүнд гурван удаа, 827 хүнд хоёр удаа шинжилгээ хийлээ. Батлагдсан тохиолдлын илрүүлгийг хийхэд 71 хувь нь эхний, 26 хувь нь 2 дахь, 3 хувь нь 3 дахь давтан шинжилгээнд онош батлагдаж байна. Бүгд халдварын нууц үеийн хугацаа 1-14 хоногт онош батлагдаж байна” гэдгийг дурдсан юм