Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр 10 дугаар сарын 8-нд тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Толгойтоос Амгалан өртөө хүртэл 17 км төмөр замын хамгаалалтын зурваст, төмөр замын 2 талаар Сибирийн 3.5-4 м өндөртэй 8000 улиас модыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, \”Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран тарихаар болжээ. Энэхүү ажлыг ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн, мод үржүүлгийн газарууд болон хүн хүч, машин техник технологийн нөөцтэй хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, 3 жилийн турш арчилгааг нь хариуцуулахаар болсон байна.
Түүнчлэн ирэх 4 жилийн хугацаанд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын дагуу хайлаас, улиас тарихаар төлөвлөсөн бөгөөд иргэд ойн зурвас дундуур төмөр замаар зорчих боломж бүрдэнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.