Сайжруулсан шахмал түлшний 2 дахь үйлдвэр өнөөдөр нээгдлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах шинэ үйлдвэрийн үйл ажиллагаатай талаар танилцлаа.
Зүүн бүсийн гэгдэж буй шинэ үйлдвэр нь Налайх дүүргийн зүүн урд хэсэгт байрлаж, 1,2 дугаар үйлдвэр, мөн дахин боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий 8 шугамтай нээгдэж байна. Цагт 90 тонн шахмал түлш дамжуулан үйлдвэрлэх дээрх 8 шугам нь БНСУ-ын “Jeil machinery” компанид үйлдвэрлэсэн, дэвшилтэт технологид суурилсан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй гэдгээр давуу талтайг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн түүхий эд (коксжсон нүүрс) хүлээн авах, бутлах, шигших зэрэг үйлдвэрлэлийн процесс нь газар доор байршдаг учир орчинд сөргөөр нөлөөлөхгүй аж.
Монгол Улсын Засгийн газраас “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай” тогтоолыг энэ оны нэгдүгээр сарын 29-нд гаргасан юм. Энэ дагуу жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өнгөрсөн 5 дугаар сараас эхлүүлж өнөөдөр ийнхүү ашиглалтад орж байна.