Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 12 дугаар сарын 14-ний 06:00 цагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Засгийн газрын шийдвэрийг танилцуулсны дараагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг зарлаж, 1.5 сая хүнтэй Улаанбаатар хотоо хорио цээрийн дэглэмд оруулж, зарим аймагт 0 зогсолт хийсэн.
Энэ ажлыг хийхэд хүндрэл бэрхшээлтэй олон асуудал байлаа. Улсын Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр анхан шатанд хэрэгжихгүй байх, төрийн албан хаагчдын хамтын ойлголцол, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо жигдэрч чадаагүйн улмаас зарим алдаа гарсан. Үүнд УОК онцгойлон дүгнэлт хийж байгаа. Хариуцлага, сахилга бат, дэг журмыг улам сайжруулах шаардлагатай нь харагдсан.
Үүнээс олон сургамжтай зүйл бий болсон. Энэ ажлуудаас болж ард иргэдээ бухимдуулсан, хүний алтан амь нас хохирсонд Монгол Улсын Засгийн газар ард иргэдээсээ уучлалт гуйж байна. Цаашид бид ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэлээ.