Улсын хэмжээнд аймгуудад “COVID-19”-ийн халдварыг илрүүлэх PSR-ийн лабораторийн аппаратуудыг суурилуулж буйг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмээ өнөөдөр ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээллээ.
Тэрээр сэтгүүлчдийн тавьсан “Мэргэжлийн үүднээс та бүхэн “COVID-19″-ийн тархалтыг зогсоож чадсан гэж үзэж байна уу? Ирэх даваа гарагаас өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжихэд бэлэн байна уу? Өдөрт хичнээн хүнд PSR-ийн шинжилгээ хийх боломжтой байдаг вэ? Оношлуурын нөөц хэр байгаа вэ?” гэсэн асуултад, “Бид PSR-аар хоногт 21-30 мянган шинжилгээ хийж байгаа. Улсын хэмжээнд хот хөдөөгүй тандалтын болон сонгож авсан, мөн тохиолдол бүртгэгдсэн иргэдтэй ойр байсан хүмүүсийг шинжилж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд ХӨСҮТ дээр 3 том лаборатори, мөн ЗӨСҮТ-д өөрийнх нь лаборатори, явуулын 2 автолаборатори тус тус ажиллаж байгаа. Мөн Дархан-Уул, Ховд, Өмнөговь, Дорнод, Сэлэнгэ аймагт PSR-ийн шинжилгээ авах аппарат ажиллаж байна. Үргэлжлүүлээд бид бэлтгэл ажлын хүрээнд PSR-ийн шинжилгээ авах аппарат суурилуулж байна. Оношлуурын нөөц хангалттай байгаа” гэсэн хариуг өглөө.
Тэрээр халдварын тархалтын өнөөдрийн байдлын талаар хэлэхдээ, “Бид ямар ч байсан эхний ээлжинд батлагдсан тохиолдлуудынхаа ойр байсан хүмүүсийг буюу хавьтлын иргэдийг олсон. Эдгээр хүмүүсээ хянан тандаж байна. Шинээр голомт үүсээгүй байна” гэдгийг мэдэгдлээ.