Эрчим хүчний үнийг төрөөс даах шийдвэр Засгийн газраас гаргасантай холбогдуулан зарим аймаг цахилгааны хязгаарлалт хийсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Энэ талаар Диспетчерийн үндэсний төвийн албаны дарга, О.Наранбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Манай улс ОХУ-аас эрчим хүч импортолдог учир зарим үед ачааллаа дийлэхгүй нөхцөл байдал үүсэж байна. Улсын хэмжээнд ачаалал ихэссэн тул өчигдөр Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймагт цахилгааны тасралт гарч, буцаагаад залгасан.
Цаашид тасралт гарах үгүй нь оргил ачааллаас хамаарна” гэсэн хариултыг өглөө.
Харин Завхан, Говь-Алтай аймагт цахилгааны хязгаарлалт хийсэн эсэх талаар Алтай-Улайстайн эрчим хүчний систем ТӨХК-ийн Завхан салбарын инженер Б.Лхагвадорж “Өчигдөр ачаалал ихэссэний улмаас Завхан, Говь-Алтай аймагт цахилгааны хязгаарлалт хийсэн. 17:00-21:00 цагийн хооронд цахилгааны хязгаарлалт хийнэ гэсэн хуваарь гарсан ч ачаалал гайгүй болсон тул 50 минут орчим хязгаарласан.
Өнөөдрийн байдлаар цахилгаан хязгаарлах шийдвэр удирдах байгууллагаас ирээгүй байна” гэлээ.