Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлсэн.
Санал асуулгад 56,617 хүн хандсанаас сургуулийн өмнөх боловсролын 4348, 10 гаруй ЕБС-ийн багш нар болон эцэг эхчүүд саналаа өгөөд байгаа юм байна.
Хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, багш, эцэг эхчүүд оролцож байна.
Дорноговь аймгийн Боловсролын газраас удирдлага томилохдоо хамт олны саналыг авдаг байх, насан туршийн боловсролын багшийн ээлжийн амралтыг багш нарынхтай адилхан байлгах, алслагдсан сумдад ажиллаж байгаа багш нарт гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох, багш бэлтгэх сургуулийн төлбөрийг төрөөс даах, зэрэг саналуудыг гаргалаа.
Эмэгтэй багш нарын тэтгэвэрт гарах насыг 50, эрэгтэй багш нарынхыг 55 байхаар тусгах саналыг Дорноговь болон Дорнод аймгаас гаргалаа.
СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ИХ ХОЦРОГДОЖ БАЙНА
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэлж байна. Тэрбээр “Хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг нь боловсролын эрх зүйн шинэчлэл юм. Хоёр жилийн өмнө хийсэн багш нарын их хурлын үеэр боловсролын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх талаар ярьж, эхлүүлсэн. Хуулийн төсөлд салбарынхныхаа санаа бодлыг тусгахаар арваннэгдүгээр сарын 5-наас эхэлж санал авсан. Боловсрол бол хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын үндэс болдог. Бид үүнийг улсын бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахаар болж байна. Боловсролын тухай хуульд
Боловсролын зорилгыг хөгжлийн үндсэн шалгуурт нийцүүлэх
Боловсролын агуулгыг суралцахаас суралцахуй руу чиглүүлэх
Боловсролыг улс төрөөс хараат бус байлгах
Боловсролын цахим болон зайны сургалтыг боловсронгуй болгох зэрэг шаардлагатай байна.
Хүүхдийг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэх, бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авахад багш, эцэг эх, нийгмээрээ анхаарах ёстой. Ерөнхий сайдын хувьд эцэг хүний хувьд би өнөөдөр энэ хуралд оролцож байна. Хүүхдийг сургахаас гадна хүмүүжүүлэх том ажил бий. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил их хоцрогдож байна. Нэн ялангуяа гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийг хүмүүжүүлэх ёстой. Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна. Эмэгтэй хүнийг, эх хүнийг хайрладаг хөвгүүдийг өсгөж, хүмүүжүүлэх шаардлагатай байна” гэлээ.
ҮНДЭСНИЙ ОНЦЛОГОО ШИНГЭЭСЭН ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ БОЛОВСРОЛЫГ ХҮРТЭХ ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЁСТОЙ
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Бид дөрвөн хананы дунд хичээл сургалт явуулдаг хандлага хоцрогдож байна. Бид өнгөрсөн жилийн хугацаанд цахим, зайны сургалт зохион байгуулах боломжтойг мэдэж авлаа.
Бид үндэсний онцлогоо шингээсэн дэлхийн хэмжээний боловсролыг хүртэх шинэчлэл рүү явах цаг болсон гэдгийг олон хүмүүс ярьж байна. Манай байнгын хороо гурван удаа энэ сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Салбарын багш, эрдэмтэн та бүхэн цахим хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал санаачилгаа хэлээрэй.
Эцэг эхчүүдийн саналыг оруулаач гэсэн хүсэлт ихээр ирж байгаа боловч цар тахлын үед нэг сая орчим эцэг эхийг хэлэлцүүлэгт оролцуулах боломж байна. Бүгдээрээ ойр ойр хуулийн төсөлд гар хүрэхгүйгээр, салбарын төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцоцгооё” гэлээ.