БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг шонхрын хууль бус наймаа хийсэн хэмээн илт гүтгэсэн, төрийн өндөр албан тушаалтны нэр хүндэд бүдүүлгээр халдсан мэдээллийг Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл нарын хүмүүс олон нийтэд удаа дараа цацаж байна. Шонхор шувууг гадаадад гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг. Засгийн газраас гарсан холбогдох шийдвэрийн дагуу БОАЖЯ зөвшөөрөл бүхий гадаадын иргэнтэй гэрээ байгуулж, шонхор шувуу барих эрхийг олгодог. Гэрээнд эрх олгогдсон этгээд нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу орон нутагтай гэрээ байгуулан, хуульд заасан зохих төлбөрийг төлж шонхор шувууг барьдаг. Энэ дагуу бүх үйл ажиллагаа хууль ёсоор явагдаж байна. 2013 онд Засгийн газраас гарсан тогтоолын дагуу шонхор шувууг зөвхөн төрийн өндөр дээд айлчлалын үед бэлэглэлийн журмаар барих зөвшөөрөл олгодог болсон. Өнөөдөр энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна.
БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба